Үйл явдал1 мин унших
Б.Жаргалан: Монгол Улсад эдийн засгийн хувьсгал хийх цаг ирээд байна!

“Чөлөөт зах зээлийн экосфер: Бизнес ба бодлого” форум өнгөрөгч Баасан гарагт /2026.05.22/ зохион байгуулагдлаа.
Тус форум нь Ардчилсан намаас эдийн засгийн бодлого, чөлөөт зах зээлийн институцийн асуудлуудаар эдийн засагчид, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөлөлтэй нээлттэй бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, санал зөвлөмж сонсох талбар юм.
Энэ удаад “Бизнес ба бодлого” сэдвийг онцлон Монгол Улсын эдийн засгийн хөгжил, чөлөөт зах зээлийг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх бодлогын болон хууль зүйн санал, шийдлүүдийг танилцуулан хэлэлцүүлэх, мөн бизнес эрхлэгчид, салбарын төлөөлөл өөрсдийн байр суурийг Ардчилсан намд хүргэх, улмаар хувийн хэвшил болон бодлого боловсруулагчдын хооронд тогтмол түншлэл, харилцан зөвлөлдөх тогтолцоог бэхжүүлэх зорилготой байлаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Манай улс өнгөрсөн жилүүдэд чөлөөт зах зээлээс холимог зах зээл рүү шилжсэн үзэгдэл ажиглагдаад байгаа. Тэр дундаа сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улс чөлөөт эдийн засагтай гэж хэлэхэд хэцүү болчихоод байна. Иргэд, бизнес эрхлэгчийн татварын ачаалал жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Манай улс эдийн засгийн дахин хувьсгал хийхээр болчихсон цаг мөч дээр ирчихээд байна.
