Үйл явдал1 мин унших
УИХ-аас томилогдох ҮХЦ-ийн хоёр гишүүний асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүллээ

Өчигдөр /2026.05.26/ Ардчилсан намын бүлгээс УИХ-аас томилогдох ҮХЦ-ийн хоёр гишүүний асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Монгол Улс парламентын засаглалтай, Үндсэн хуульт ардчилсан улс. Гэвч сүүлийн жилүүдэд эрх баригчид шүүх засаглалыг улс төрийн зорилгоор ашиглаж өрсөлдөгчдөө намнах явдал газар авч, улмаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр УИХ-ын бүрэн эрхэд халдах боллоо.
Өнөөдөр ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг … 6 жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн хуулийн заалтыг хүчингүй болгож, Ерөнхий шүүгчийг улираан томилох боломжийг нээх талаар хэлэлцэх гэж байгаа нь эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх улс төрийн хуйвалдааны шинжтэй үйлдэл гэж үзэж байна.
Түүнчлэн, ҮХЦ-ийн даргын бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн учир Цэцийн бүрэлдэхүүн бүрэн бус буюу хууль ёсны чадамжийн асуудал үүссэн. Ийм нөхцөлд Их суудлын хуралдаанаар улс төрийн онц ноцтой үр дагавар бүхий асуудал шийдвэрлэх гэж буй нь засаглалын хямрал дагуулах эрсдэлтэй.
Ардчилсан тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт, Үндсэн хуульт ёсыг хамгаалах нь Монгол төрийн нийтлэг эрх ашиг мөн.
