Үйл явдал1 мин унших
Н.Батсүмбэрэл: Малчин өрхийн 6 настнуудын сургуульд дасан зохицох, бэлтгэл үеийн тусгайлсан дэмжлэгийг бий болгох нь зүйтэй
МУБИС-ийн санхүүжилттэй захиалгат төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Малчин өрхийн зургаан настай хүүхдийн сургуульд суралцах бэлэн байдал: Амьдралын хэв маягийн харилцан хамаарал" үндэсний хэлэлцүүлэг өнгөрөгч Бямба гарагт /2025.11.29/ боллоо.
Хэлэлцүүлэгт судалгаа, тоо баримт, нэр томьёо, тулгамдсан асуудал, түүний шийдэл, үндэслэл бүхий аргументуудыг судлаач, эрдэмтэд дурдаж байна.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл энэ үеэр “Хүүхэд хаана төрж, ямар ахуй соёлд өсөж байгаагаас үл хамааран сургуулийн босго алхахдаа бусадтай ижил түвшинд бэлтгэгдсэн байх, тэгш боломжоор хангагдах нь боловсролын чанарын суурь асуудал” болохыг онцолж, судалгаа болон хэлэлцүүлгийн үр дүнд бодлого, төлөвлөлтөд зайлшгүй тусгах шаардлагатай асуудлуудыг дараах байдлаар тодорхойлов.
Үүнд:
Шилжилтийн үеийн дэмжлэг: Малчин өрхийн хүүхдийн амьдралын хэв маягийн онцлогийг харгалзан сургуульд дасан зохицох, бэлтгэл үеийн тусгайлсан дэмжлэгийг бий болгох;
Хамтын оролцоо: Багш болон эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах;
Өгөгдөлд суурилсан шийдэл: Орон нутаг бүрийн онцлогт тохирсон, бодит судалгаанд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлэх.
Энэ мэт судалгаанд тулгуурласан хэлэлцүүлэг, зөвлөмжүүдийг салбарын яам болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд ажил хэрэг болгож, хүүхдийн хөгжлийн ялгааг арилгахын төлөө анхаарч ажиллах болно гэв.
