Байр суурь2 мин унших
Х.Тэмүүжин: Гэр бүлд жендэрийн эрх тэгш байдлыг хэрхэн хангах вэ.
УИХ-ын чуулганы /2025.12.04/-ны өдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
Танай намынхныг хууль санаачлах, тэр дундаа гэр бүлийн хууль санаачлахад жоохон болгоомжтой хандаад байгаа юм. Өргөн барьсан хууль хэлэлцэхээс өмнө нийгэмд явж байгаа уур амьсгал, танай намаас энд тэнд алба хашиж байгаа хүмүүсийн амнаас гарахаар ариун гэр бүл, жинхэнэ хайр гэх мэтчилэн. Хуулиар зохицуулагдахгүй хувь хүмүүсийн хоорондын дотоод асуудлыг улс төр, нийтийн асуудал болгоод нэг хүний нүдээр дээрээс нь харж байгаад шийдчих санаатай үг их гараад байсан. Тэгээд болгоомжлоод сэрэмжлээд өргөн барьсан хуулийг харсан. Харин харьцангуй гайгүй. Гэр бүл гэдэг нь чөлөөт нийгмийн төр орж болдоггүй, хувь хүмүүст өөрт нь боломж олгож байдаг хувь хүмүүсийн өөрийнх нь дотоод мөрөөдөл, ертөнцийг тэнд нь үлдээж байдаг, тийм орчин, тийм зүйл төр болгоомжтой орох ёстой.
Тэр дундаа улс төрчдийн нүдээр нэг ариун гэгээн бурхны нүдээр харж оруулж болдоггүй тийм орон зай. Дэлхий нийтээрээ гэр бүлийн хуулийг хийхдээ ерөөсөө 3 зүйл дээр л санаа зовж байгаа юм. Хүүхдийн эрх, өмчийн маргаан, нэгнийгээ хайрладаг хамгийн дотно хүмүүс эд хөрөнгөөс болж маргавал тэр маргааныг нь яаж шийдэж, хөндлөнгийн оролцоог хэрхэн хязгаарлах юм. Энэ хөндлөнгийн оролцоонд төрийн оролцоо өөрөө ч гэсэн орно. Сайн дурын үндсэн дээр бий болдог, иргэний нийгмийн хамгийн суурь улс төрөөс ангид, эдийн засгийн дарамт шахалтуудаас хамаарал багатайхан шиг тэр дундаа үзэл суртлаас дарга нарын хувийн бодлоос хамгийн эрх чөлөөтэй байх ёстой тэр орон зай.
Хуулийн 3.2 дээр заачихсан байгаа нэг зүйлийг уншаад өгөөдөхье. Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж гэж байна. Яаж хэмжих гэж байгаа юм. Жендэрийн эрх тэгш байдал нь юу, юу байх юм. Нийтийн эрх зүй, нийтийн харилцаанд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах гэдэг бол улс төрийн шийдлийн хамгийн чухал зүйл. Гэр бүлийн дотор жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд яах юм. Эрэгтэй эмэгтэй хүүхдийн тоо тэнцүү байх юм уу. Төрийн байгууллагад ийм шаардлага тавих бол зөв. Нийтийн орчинд жендэрийн тэгш эрхийг хангах шаардлага байх нь зөв. Гэр бүл дотор яаж үүнийг шийдэх гэж байгаа юм. Жендэрийн хороо гэр бүлийн дотор нь ороод самрах юм биш биз.
Дахиад 13.8 дээр шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ гэж байгаад ёс суртахууны байдлыг харж үзнэ гэнэ. Гэр бүлүүд шашинлаг, ёс уламжлалт итгэл үнэмшилтэй, шинжлэх ухаанч, урлаглаг гээд олон янз бий. Шүүх үүнийг яаж хэмжих юм?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


