Байр суурь3 мин унших
Д.Ганмаа: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд нөлөөлөх, хүмүүжүүлэх, боловсрол олгох ямар арга хэмжээг бодож боловсруулав?
УИХ-ын чуулганы /2025.12.04/-ны өдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
Нэгдүгээрт, Хуулийн төслийн танилцуулга болон үзэл баримтлалаас харахад орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор үүнийг найруулсан. Шинэчилсэн найруулга танилцуулсан байна. Тэгэхээр энэ шинэ төслөөр өмнө хуульд байгаагүй, ямар орхигдсон, ямар хийдэлтэй харилцааг яаж нөхөж, юуг нь арилгаж орж ирив? Танилцуулга үзэл баримтлалаас нь харахаар гэр бүлийн гишүүдийн эрх, эрх чөлөөг хязгаарласан зохицуулалт болсон. Иймд хүчирхийллийн шинжтэй бол заавал нотлох баримт шаардахгүйгээр хүсэлтийг авч эвлэрүүлэн зуучлалаар орохыг шаардахгүй болгоно гэсэн танилцуулга явж байгаа юм. Гэсэн атлаа энэ яг яаж хэрэгжүүлэх юм. Арга зам нь юу юм. Процедурыг нь заагаагүй. Дээрээс нь тухайлсан заалт огт ороогүй юм шиг харагдаад байна. мөн шинэ төслийн 14.1.1 дээр гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийллийн дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй эсвэл учирсан нь тогтоогдсон. Үүн дээр байнгын шинж гэдэг үг нь дахиад ороод ирчихсэн. Өмнөх хууль дээр ч гэсэн байнгын гэж байсан. Байнгын гэдэг шалгуур үзүүлэлт нь яг юу юм гээд харахаар Улсын дээд шүүхийнхээ тайлбарын дагуу явдаг юм байна. Тэр нь 3 ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцох хандлагатай гэдэг. Ингээд явчихаар практикт хэрэгжихдээ тохиолдол тус бүрд янз янзаар үздэг юм байна. Жишээлбэл дүүргүүдийн шүүх дээр давхцсан тохиолдолд 24 цагийн дотор 3 удаа зодсон үйлдлийг нэг шалтгаанаар зодсон учраас гээд байнгын гэдэг шинжийг хангахгүй гэж үзсэн тохиолдол гарсан байна. Эсвэл үүнийг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бус зөвхөн хүний биед гэмтэл учруулсан гэж үзэж шийдвэрлэсэн байна. Тэгэхлээр ингээд практик тус бүр дээр өөрөөр тайлбарлагдаж яваад, хохирогч "улам хохирох" боломжтой байгаад байгаа. Практикаас үзэхэд хүчирхийллийн хохирогч нь энэхүү байнгын гэсэн шалгуурыг хангахын тулд 3 буюу түүнээс дээш хүрэх тоогоо хүлээх, тэсэх, тоогоо гүйцээхийн тулд үргэлжлүүлэн зодуулах, харгис хэрцгий харьцаа, догшин авир үйлдлийг тэсэх шаардлага үүсдэг. Мэдээж энэ нь хялбар биш. Эцсийн эцэст хүн нэг зодуулаад юм уу, 2 удаа маш гүнзгий хямралд орох сэтгэл зүйн эсвэл биеийн одоо ноцтой гэмтэл учрах хохирол амсах боломжтой. Тэгэхлээр энэ хууль хэрэгжүүлэгч байгууллага "байнгын үйлдэх" гэдэг шинжийгээ хууль дээрээ хуульчлан зайлшгүй тодорхойлох шаардлагатай санагдаж байна.
Хоёрдугаарт, одоогийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг эхний удаа 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг. Баривчлах шийтгэл нь ихэвчлэн хүчирхийлэл үйлдэгчдийг эсрэгээрээ өс хонзон санах, баривчлагдаад гарч ирээд илүү хүчирхийлэлд өртөх айдсыг тэр гэр бүлийн гишүүдэд төрүүлдэг. Ингэснээрээ шүүх хуулийн байгууллагаас шийтгэхээсээ илүүгээр урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх, нөлөөлөх, боловсрол олгох ямар арга хэмжээг бодож боловсруулж орж ирэв?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


