Үйл явдал4 мин унших
Дасахад хэцүү давлагаа...

Хүүхдийн сэтгэл зүйн уналт зөвхөн ар гэрээс болдоггүй. Сургууль дээрээ ирээд үе тэнгийнхэндээ дээрэлхүүлж болно. Багш нь өөрөө ч тэр шалтгааныг үүсгэж болно. Өөрийн мэдэлгүй ангийнхных нь өмнө “аав чинь ахиад согтуу ирсэн юм уу?” гээд асуучихна. Үүнээс болж тэр хүүхдийг бусад нь шоолж, тохуурхвал яах вэ.
Ядаж л хүүхэд өөрөө бусдынхаа царайг харахад маш хүнд болно. Хүүхэд шүү дээ. Мэдээж багш тэр хүүхдэд санаа тавьсан. Гэхдээ зарим нарийн эмзэг харилцаанд суралцаагүй, анзаараагүй, тийм зүйлийн талаар сонсоогүй л гэсэн үг. Бидэнд хийх ажил их байна.
Шинэхэн сэтгэл зүйчид маань иймэрхүү онцлогуудыг соргогоор анзаарч харжээ. Гэтэл сургуулийн захирал, удирдлагууд үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. “Багшаас юу гэж болдог юм, хүүхдийн төлөө л хэлээ биз! Ер нь чамаас өмнө болоод л байсан юм...” гэх маягаар дарамталсан тохиолдлууд гарав.
Сургуулийн нэр хүндийг нь хугалахаар ирсэн дайсан гэж бодсоноос зайлахгүй гэж хэлмээр. Тэгж байтал нэмээд сургуулийн нийгмийн ажилтнууд тэднийг маань ад үзлээ:
- Намайг байсаар байтал ийм хүнээр яадаг байна?!
Нийгмийн ажилтан уг нь тэс өөр үүрэг чиглэлтэй хүн юм. Тэд маань хүүхдийн сэтгэл зүйн асуудлуудыг “ар гэр нь жаахан хүнд болохоор...” гэсэн хэмжээнд л ойлгож байсны шинж.
Гэтэл эцэг эхчүүд ч бас таагүй хандаж байгаа мэдээ ирэв. Сэтгэл зүйч дээр очсон хүүхдээ ”Чамайг юугаар ч дутаасан юм? Би чамайг дарамтлаад байгаа юм уу?” гэж загнаж, зэмлэсэн тохиолдлууд бас гарчээ. Өөрийнх нь хүүхэд өөр хүнд “сэтгэлээ нээх” нь эвгүй байсан ч юм уу, эсвэл өөрсдийг нь хүнд муулаад байгаа ч юм шиг санагдсаных уу...
Ёстой л цоо шинэ зүйл манай нийгэмд нэвтэрч байсны түүхэн гэрч нар бол бүх сургуулийг сэтгэл зүйчтэй болгох кампанит ажлыг удирдаж байсан манай багийнхан, хамтрагчид болон бүх оролцогчид маань. Бүгд сонирхолтой түүх өгүүлж чадна даа. Ер нь бид төсөөлснөөсөө хэд дахин гүнзгий шавар дээр “гишгэчихсэн” байсан. Мөн төдий чинээ гүнзгийрчихсэн байсан асуудлыг хөндсөнөө ч мэдсэн билээ.
НЭГЭН ТОХИОЛДОЛ.
Нэгэн дүүргийн ...дугаар сургуулийн 10,11,12 ангийнхан нэгнийгээ доошоо анги ангиар нь дарамталдаг үзэгдэл тогтсон байв. Хүүхдүүд 9-р ангиа төгсөөд л энэ “машин” руу орж явчихна. Ингэдгийг сургуулийн удирдлага ч мэднэ.
Гэхдээ яг асуудал тарьж байгаа хоёр хүүхэдтэй тааралдвал барьж авчраад, “яагаад нэгнийгээ дээрэлхэж байгаа юм, уучлал гуй!” гэх маягаар загнахаас илүүг хийж чадахгүй. Ер нь ч хаа сайгүй ийм л байдгийг та бид мэднэ.
Гэтэл асуудлын гүнд юу нуугдаж, юу тэднийг ийнхүү “ховсдоод” байгааг мэдэхгүйгээр, хүүхдүүдийг нээж ярилцахгүйгээр хэзээ ч энэ асуудал шийдэгдэхгүй. Харин сургуулийн сэтгэл зүйч энэ бүхнийг анзаарч, ул сууриар нь шийдэх гэж оролдож эхэлжээ.
Гэвч аргагүй хүчин мөхөсджээ. Тэгээд ментор уулзалт дээрээ ярьснаар шийдвэр гарч, “Бяцхан тархи” төвтэй хамтран арван сэтгэл зүйч тэнд ажиллахаар явсан юм. Асуудлыг анх нухацтай ил гаргахад сургуулийн захирлын зүгээс бие засах өрөө, анги болгонд камер тавих “шийдэмгий” санал гаргаж байв.
Санаанд багтамгүй хүний эрхийн зөрчлийг ч бүр болъё гэхэд дээрэлхэл зөвхөн сургууль дотор өрнөдөггүйг мэдмээр сэн. Сургуулиас гараад хязгааргүй орон зай байгаа шүү дээ. Тиймээс ямар ч камер энэ асуудлыг шийдэхгүй.
Сэтгэл зүйчид хүүхдүүдтэй л тулж ажиллахаар шийдсэн. Эхэндээ эцэг эхчүүд цэрвэж, хүүхдүүдийг нь хэрэгт хийх нь гэж хардаж байв. Аль аль талдаа ойлгуулах, хүүхдүүдтэйгээ ажиллах гэсэн нөр их ажил руу шунган орж, мятраж, няцалгүйгээр хүүхэд бүртэй ганцаарчлан уулзсан.
Бүх багш, маш олон эцэг эхтэй ч уулзсан. Хагас жилийн дараа гэхэд хүүхдүүд догшин, өсөрхүү зангаа орхисноор асуудал намжиж, томчуудынх нь хоолой зангирсан юм даа.
• Бид хичээл л заахаа эрхэмлэдэг болохоос биш хүүхдийн дотор юу байдгийг мэддэггүй юм байна гэж багш нар хэлсэн.
• Хүүхдүүд гэртээ зүгээр л байдаг болохоор нь тийм л гэж бодож байтал үнэхээр их асуудал гаргаж явдаг юм байна. Загнахаа больж ярилцах ёстойгоо ойлголоо гэж эцэг эхчүүд өгүүлсэн.
Үнэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг хугацаа зарцуулан байж хэрэгжүүлдэг арга ажиллагаа байдгийг сургуулиуд ойлгож эхэлсэн нь энэ юм. “Чи надад заах болоогүй, энэ миний арга барил!” хэмээн тулан зогсож байсан ихэнх багш нар одоо сэтгэл зүйчтэй хамтран ажиллах нь ямар чухал болохыг мэддэг болсон...
Системийн туйлдал ба реформ номын хэсгээс...
