Үйл явдал2 мин унших
Яагаад зөвхөн хувийн сургууль гэж...

Финландын парламентын дарга Монгол Улсад 2022 онд айлчилж, Монгол Финландын бүлгэмийн гишүүний хувьд би тэрхүү айлчлалын уулзалтуудад оролцсон юм. Финландын парламентын даргын үгэнд "манай улсын Эдүтэн платформыг Монголын сургуулиуд ашиглаж эхэлсэн..." тухай гарлаа.
Тэр даруй Логарифм сургуулийн захирал Б.Одхойг ажил дээрээ урьж математикийн хичээлдээ ашиглаж буй "тэр юмных нь тухай" ярилцав. Сургууль дээр нь ч хагас өдрийн турш байж Эдүтэнээс гадна Пийрсон, Грийпсийд хөтөлбөрүүдийг ашиглаж буйг үзлээ.
Энэ платформуудыг улсын сургуулийн хүүхдүүд яагаад ашиглаж болохгүй гэж гэсэн бодол төрж, Пийрсон, Эдүтэний хүмүүстэй уулзах хүсэлтээ Б.Одхой захирлаар уламжлуулав.
...долоо хоногийн дотор л Эдүтэнээс Хэнри, Макки, Экка нар Монголыг зорин ирж томоохон хэлэлцээрүүд хийв. Тэр хичээлийн жилдээ хот, хөдөөгийн 38 сургуульд Пийрсоныг, 9 сургуульд Эдүтэнийг туршиж эхлэхэд л санаанд оромгүй сайн үр дүн гарч билээ.
...сайд байх хугацаандаа эдгээр төслүүд дээр хийсэн миний хэлэлцээрүүд Монголчуудын хувьд хамгийн ашигтай үр дүнтэй хэлэлцээрүүд байсан гэж ам бардам хэлнэ. Хувийн сургуулиуд жилийн нэг хүүхдийн 36 еврогийн лиценз төлдөг Эдүтэн платформыг 2.99 евро, 27 еврогийн лицензтэй Пийрсоныг 7 евро болгон хэлэлцээр хийж, Монгол хүүхэд бүр хэрэглэх боломжийг бүрдүүлсэн.
Ташрамд дурдахад саяхан Эдүтэний Хэнри, Экка нар Монголд ирэхэд нь би оройн хоолонд урьсан юм. Тэр үед Монгол Улс 7-9 дүгээр ангид Эдүтэнийг үнэ төлбөргүй хэрэгжүүлэх боломжтой болж байгаа баярт мэдээг дуулгалаа. Үндэсний хэмжээнд 98% гүйцэтгэлтэй ашиглагдаж буй дэлхийд цор ганц платформ гэж Эдүтэн нэрлэгдсэн бөгөөд НҮБ, WB, ADB зэрэг олон улсын байгууллагууд ихээхэн сонирхож, дэлхийн олон улс энэхүү платформыг нэвтрүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.
...Eduten бол Финландын Туркугийн их сургуулийн хөгжүүлсэн, AI-д суурилсан математикт суралцах талбар. Хүүхдүүд тоглонгоо суралцаж болдог тул тэдний шохоорхол, сонирхлыг амархан татдагаараа онцлогтой. Тиймээс бага ангиас хичээлээс залхаж эхэлдэг үзэгдэл багасна гэсэн үг.
Та бүхэн дэлгэрүүлээд "Цахимжуулав", "Юнескогийн шагнал", "Монгол моодонд оров", "Чемпион улс" зэрэг хэсгүүдийг уншаарай. Сонирхолтой шүү…
СИСТЕМИЙН_ТУЙЛДАЛ_БА_РЕФОРМ номоос…


