Байр суурь2 мин унших
Ж.Галбадрах: Өнөөдөр 214 мянган хүүхдийн чанартай боловсрол олж авах эрх зөрчигдөж байна
УИХ-ын чуулганы /2025.12.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
Энэ нь маш чухал зээл. Улсын төсөв өргөн баригдах үед яригдаад богино хугацаанд шийдэж оруулж ирж байгаа Сангийн яаманд талархаж байна. Ирэх 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгосон. Дэмжих жил болгож байгаагийн учир шалтгаан ердөө энэ. Даац, ачаалал хэтрээд сургуулиуд 40, 50, 60-аараа сууж байна. Норм нь 30-35. Гэтэл 40 давчихсан. 214 мянган хүүхдийн чанартай боловсрол олж авах эрх зөрчигдөөд байгаа. Бид судалгаа хийсний үр дүнд 108 сургууль, 95 цэцэрлэг барих тооцоо гаргасан. Үүнийг хийж чадвал 2028 онд нэг бүлэгт байх хүүхдийн тоо улс даяар 40-өөс доош орно. Үүний дараа чанартай боловсрол олгож чадна.
АХБ-ны зээлээр 41 төсөл хөтөлбөр, энэ дотроо 32 сургуулийн дотор орон нутгийн сургууль 2 л бий. 114 дүгээр сургуульд хүүхдийн тоо 6 мянга гарчихсан. Тиймээс хажууд нь 2 сургууль шинээр барьж байж бид нарын яриад байгаа нөхцөл бий болнэ гээд жагсаалтыг нь гаргаад өгсөн юм. Боловсролын яам хангалтгүй ажиллаж байна. Бид нэлээд ажилласны үндсэн дээр эрэмбэлээд гаргаад ирсэн юм. Энд 17 сургууль яриад байна. Бид ядаж 32-ынхоо 22-ыг нийслэлд барья аа гэдэг саналыг тавьсан ч 17 болчихсон байна.
Сургууль, цэцэрлэг барих бэлтгэлээ хэр хангаж байна вэ? Газар чөлөөлөх зургаа зуруулсан уу? Урлаг заал, спорт заалнаас эхлээд хүүхдийн багтаамжид тохирсон зургаа зуруулах, дулаан цахилгааны нөхцөлүүд, бүр цаашилбал багшаа бэлтгэсэн үү гэдэг асуудал бий.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

