Үйл явдал2 мин унших
Зүрхний дутагдлаас урьдчилан сэргийлье!

Сувилагч зөвлөж байна.
Зүрхний дутагдал гэж юу вэ?
Зүрхний дутагдал гэдэг нь таны зүрхний хангалттай цусаар дүүрэх болон шахах чадвар алдагдсанаас биед хүрэлцээтэй хүчилтөрөгч, тэжээлийн бодис хүрч чадахгүй болохыг хэлнэ. Зүрх нь цусыг хангалттай хэмжээгээр шахаж чадахгүйн улмаас шингэн эдэд нэвчин хуримтлагдаж таны хөл, гар, тавхай, хэвлийд хаван үүсэж биеийн жин нэмэгддэг.
Биеийн жингээ хянах:
- Биеийн жингээ хянах нь таны хувьд хамгийн чухал юм. Биеийн жин нэмэгдэх нь зүрхний дутагдал хүндэрч байгааг илтгэх нэг үзүүлэлт юм.
- Өглөө бүр бие зассаны дараа өглөөний цайгаа уухаас өмнө биеийн жингээ тогтмол үзэж заншаарай.
- Биеийн жингээ үзэхдээ та нэг төрлийн нимгэн хувцастай байх нь жин буруу гарахаас сэргийлнэ.
Хэрэв таны биеийн жин 2 хоногт 1-1,5кг-аар, 7 хоногт 2,5кг-аар нэмэгдвэл та эмчид үзүүлэх шаардлагатай.
Давс болон шингэний хэрэглээ:
- Таны эмч хир их хэмжээний давс болон шингэн хэрэглэхийг тусгайлан зөвлөнө.
- Та хоногт хэрэглэх давс болон шингэний хэрэглээгээ тогтмол хянах шаардлагатай болно.
- Стандартын дагуу зүрхний архаг дутагдалтай өвчтөн хоногт 2гр-аас ихгүй давс, 1 л-ээс ихгүй шингэн уухыг зөвлөдөг.
- Давс ихээр хэрэглэснээр усыг биед барьж хаван үүсгэж, амьсгаадах зовиур улам нэмэгдэнэ. Мөн их хэмжээний шингэн уух нь эргэлдэж буй шингэний хэмжээг нэмэгдүүлснээр таны зүрхийг илүү ачаалалтай ажиллахад хүргэж зүрхний дутагдлын шинж тэмдгүүдийг нэмэгдүүлнэ.
- Давсны хэрэглээг багасгахын тулд та лаазалсан, давсалсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх шаардлагатай. Харин шинэ жимс, ногоо хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Мөн давсалсан хиам, мах зэрэг бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаарай.
Түүнчлэн та гадуур хоол идэхдээ үйлчлүүлэгчээс давсгүй хийж өгөхийг хүсэж өөрөө давсаа бага хийж идээрэй. Шингэний хэрэглээгээ хянахын тулд та юуны өмнө өдөрт хэрэглэх 1 литр шингэнээ хувааж хэдийд хир хэмжээгээр хэрэглэх вэ? гэдгээ урьдчилан тооцоорой. Эм уух ус, хоолны үеэр уух ус зэргээ тооцож хэмжиж уугаарай. Мөн та шөлтэй хоол идэхдээ шөл нь таны ууж байгаа шингэнд багтана гэдгийг санаарай. Таны ам цангавал хатуу чихэр, гаа зэргийг хэрэглэж цангах мэдрэмжийг тухай үед нь багасгаж болно.
УХТЭ-ийн сувилагч С.Энхтуяа
сувилагч Д.Наранзул
сувилагч Л.Должин
сувилагч Д.Гэрэлтуяа
Сэтгүүлч Ц.Соёлмаа
