Үйл явдал4 мин унших

Калори ба ирээдүй

Калори ба ирээдүй

Дөнгөж ажлаа хүлээж аваад удаагүй байхад Ц.Мөнх-Оргил гишүүн надад “Хоёр зүйлийг заавал хийх ёстой, энэ бол чиний сайдын хувьд үлдээх ёстой өв болно” гэсэн “даалгавар” өгсөн юм. Нэгдүгээрт “Үдийн цайг” “Үдийн хоол” болгох. Хоёрдугаарт Писагийн үнэлгээнд заавал хамрагдах. Хоёулаа л амаргүй даалгавар.

Ялангуяа эхнийх нь дор хаяж 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдана. Сургуулийн гал тогоо, хоолны танхим бүрдүүлэх, ажиллагаанд оруулах, хоол зүйчийн орон тоо үүсгэх гээд бодлого, цаг хугацаа, хүн хүч шаардсан овоо их бэлтгэл ажилтай эд байсан.

Дээрээс нь ковидын дөнгөж дараа, сургуулиа яаж нээх вэ гэж байсан үеийг ч хэлэх үү. Сургууль дээр хүүхдүүдэд хоол идүүлэх нь л эрүүл ахуйн хувьд өөрөө нуль эрсдэл гэж Эрүүл мэндийн яамнаас тас эсэргүүцэж байв. Засгийн хурал дээрх хэрүүлийн нэг том алим энэ боллоо. Харин Ерөнхий сайд асуудлаа сайн мэдэж байсны хувьд эцсийн шийдийг гарган алх цохисноор Үдийн цай маань Үдийн хоол болсон түүхтэй.

Улс төрийн дэмжлэгээ ч авчихлаа, харин одоо мэргэжлийн дэмжлэг туслалцаагүйгээр энэ ажил эхлэх боломжгүй. Хэрэв бид алдаа гаргавал 1-5 дугаар ангийн 320 гаруй мянган хүүхдийн ар гэр, эцэг эхэд “турсагаа хуулуулна”. Цэцэрлэгийн сугалааг болиулж чадах уу, үгүй юу гэдэг шиг улс төрийн хувьд ч гал дагуулсан ажил.

Харин манай хоолны Түмээ, ШУТИС-ийн Туяацэцэг, Оюунцэцэг багш нар гээд олон хүний сэтгэл, зүтгэл, мэдлэг чадвараар төсөл маань амжилттай хэрэгжсэн. Эхэн үедээ эсэргүүцэл,  шүүмжлэл, үгүйсгэлтэй тулгарсан. Сургуулийн гал тогоонд бэлтгээгүй худлаа муухай хоолны зургуудыг олон нийтийн сүлжээнд тавьж иргэдийг төөрөгдүүлж, турхирч ч байв.

“Хүүхдүүд гэртээ идэх ёстой, эсвэл өөрөө худалдаж авч идэх ёстой” гэсэн үзэл тээгчид байдаг. Төсөв, мөнгөний талаарх өнгөц бодлын хувьд байж болох үндэслэл л дээ. Гэхдээ хүүхэд байхдаа халуун хоол, цай ховор идэж байсны улмаас ирээдүйд үүсэх эрүүл мэндийн асуудал нь улс орны хувьд хэд дахин илүү сүйтгэл, хохирол учруулдгийг тооцоолсон жишээ олон.

Нөгөө талаар хувь хүний хариуцлагыг ч хөндөж байна. Харин хүүхэд бол хэзээ ч буруугүй. Хариуцлагагүй эцэг эхийн хүүхдийг бид “хохь нь” гэж хаях ёсгүйтэй санал нийлэх биз. Тиймээс ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк, НҮБ-ын Хүн амын сан, ЮНИСЕФ зэрэг олон байгууллага хүүхдийн хоол тэжээлийн талаар анхаарал тавьж, хүмүүсийг соён гэгээрүүлж, улс орнуудад төсөл хэрэгжүүлсээр ирсэн.

Хүүхдийн бие бялдар, тархины үйл ажиллагаа хэвийн өсөхийн тулд зайлшгүй авч байх ёстой шим тэжээл гэж байдаг. Тэрийгээ аваагүй хүүхдүүд сурах сонирхолгүй, хичээлээ сайн ойлгодоггүй. Гэдэс нь өлсөж байгаа хүүхдийн тархины үйл ажиллагаа удааширдгийг судалгаагаар тогтоосон.

Монгол Улсыг маань хорь, гучин жилийн дараа аваад явах хүмүүсийн тухай яриа шүү дээ. Бас ер нь бага насандаа хоол унд муутай, эсвэл буруу хооллож байсан хүмүүсийн ихэнх нь 30 нас гараад л дотор эрхтний, зүрх судасны гээд элдэв суурь өвчтэй болж эхэлдэг нь ч нэгэнт нотлогдсон судалгаа. Ус уудаггүй, халуун хоол иддэггүй, ногоонд дургүй, зөвхөн мах, гурил, будаа иддэг гэх мэтийг буруу хооллолт гээд байна.

Иргэд нь эрүүл саруул байвал улсын нийгмийн бүтээмж ч сайн байна. Товчхондоо, ирээдүйн эрүүл, боловсролтой нийгмийг бий болгох хамгийн бага зардалтай арга нь бүх хүүхдийг бий болгох хамгийн бага зардалтай арга нь бүх хүүхдийг сургуулийн үдийн хоолонд хамруулах явдал юм шүү. Яагаад гэвэл хүүхэд бүр сургуульд ирнэ. Тэнд л тэднийг “барьж авч хоол идүүлэх” сайхан боломж олдоно.

Өнөөдөр дэлхийн 168 улсад 450 сая хүүхэд сургууль дээрээ хооллож байна. 168 улсад 450 сая хүүхэд сургууль дээрээ хооллож байна. Халуун хоол идсэн, цатгалан хүүхдүүд илүү сайн сурна. Халуун хоол идсэн, цатгалан хүүхдүүд илүү сайн сурна. Тархи өөрөө ходоодноос шууд хооллодог эрхтэн.

Бүх нийтийг хамарсан сургуулийн үнэгүй хоолны хөтөлбөрийн дараа хүүхдийн сурлагын дүн сайжрах бөгөөд улмаар насан туршдаа олох орлого 3- 6 хувиар өсдөг төдийгүй энэ өсөлт дараагийн үед дамждаг гэсэн судалгаа ч бий. Тийм учраас Сургуулийн Үдийн хоол хөтөлбөр, мөн Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоо хоёр бол Эрүүл Монгол хүнийг бүтээх Монгол төрийн хар хайрцгийн бодлого буюу улс үндэстний аюулгүй байдлын асуудал юм.

Мэдээж биеийн тамирын болон эрүүл мэндийн боловсролын сайн хөтөлбөртэй уялдах ёстой. Энэ ташрамд дурдахад манай биеийн тамирын болон эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг орчин цагтайгаа уялдуулан шинэчлэх ёстой юм шүү. Ингэснээр бид биеийн ч, сэтгэлийн ч, оюуны ч тамиртай эрүүл, хэрсүү монгол хүн, Монгол үндэстнийг бий болгоно.

системийн туйлдал ба реформ номын хэсгээс...

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Ерөнхий боловсролХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023
  3. 2021
  4. 2020