Үйл явдал3 мин унших
“1+1 яагаад 2 гарав ?” буюу хөтөлбөрийн шинэчлэл

Манай сургалтын хөтөлбөрөөс “импортын” шинж чанар гээгдэхгүй явсаар, Үндэснийхээ онцлогийг шигтгэхийг оролдсон боловч энд тэнд нь, омцог томцог оруулснаас биш системээр нь суурьшуулаагүй.
Хичээлийн төрлүүд ба анги, түвшин хоорондын агуулгын залгамж, уялдаа ч бүрдээгүй. Мөн ердийн цээжлүүлэх, шалгалт авах арга барил хэзээ ч арилсангүй. Энэ бүхэн нь хөтөлбөрийг зөвхөн сургалт гэж ойлгодог байснаас үүдэлтэй.
Тэгээд “сургалтынхаа агуулга, хэлбэрийг сайжруулах, сургалтын амжилтыг ахиулах...” гэсэн зорилго тавьдаг. Харин бид хөтөлбөрийн шинэчлэлээ хийхдээ “бид монгол хүнийг сургах бус, бүтээж байна” гэдэг философийг баримталсан юм. Эндээс Монголын боловсролын хөтөлбөр анх удаа үзэл баримтлалтай болох учиртай байв.
Ингээд бид 100% монголчууд өөрсдөө хийсэн анхны сургалтын хөтөлбөрөө боловсруулж эхэлсэн. Төслийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн удирдаж хөтөлбөрийн үзэл баримтлалыг 30 шахам удаа үндэсний хэмжээнд хэлэлцүүлжээ.
Эрдэмтэн, докторууд, багш нар, судлаачид, түүхчид, бизнесмэн, малчид, энгийн иргэд, тэр байтугай эрүүл мэнд, батлан хамгаалах салбарынхан гээд оролцоогүй нийгмийн төлөөлөл байхгүй. Монголын боловсролын систем ер нь ямар “бүтээгдэхүүн” гаргах ёстой юм бэ гэдэг нийтлэг зарчмаа тохирч авлаа.
•Хүн төрөлхтний соёлыг хүндлэгч, суралцагч дэлхийн хүн • Хүн төрөлхтний соёлыг хүндлэгч, суралцагч дэлхийн хүн • Үндэсний соёлоо уламжлан дээдлэгч монгол хүн • Үндэсний соёлоо уламжлан дээдлэгч монгол хүн • Хүнлэг иргэн • Хүнлэг иргэн • Нийгэм ба гэр бүлдээ хариуцлагатай бие хүн • Нийгэм ба гэр бүлдээ хариуцлагатай бие хүн
•Насан турш тасралтгүй суралцагч • Насан турш тасралтгүй суралцагч Энэ бол бидний бүтээхээр зорьсон суралцагчийн дүр төрх. Үүнээс хойш 1-12 дугаар ангид орох бүх хичээлийн агуулга, зохиомж энэ л зорилгыг баримталж хийгдэнэ. Өмнө 12 жилийн боловсролоор хүүхдэд яг ямар чадвар эзэмшүүлж, хөгжүүлэх тухай ингэж ярьж байсныг мэдэхгүй юм.
Тэр талаар тодорхой баримт нотолгоо алга. Нэгдсэн үзэл баримтлалгүй байхад багш нарын хичээлээ сонирхолтой болгохоор авч буй жишээ хоорондоо эсрэг тэсрэг байх нь ойлгогдох биз. Нэг багшийн зөв гэсэн хандлагыг дараагийн багш буруутгах гэх мэт.
Үндэсний соёлоо ойшоодоггүй багш байж ч болно. Гэхдээ тэрийгээ балчир хүүхдүүдэд тулгах ёсгүй. Хичээл хамгийн чухал байсан хандлагыг бид хувирган өөрчилж, хүүхэд хамгийн чухал гэсэн хэлбэрт шилжлээ.
Өнөөдөр манай улсын боловсролын бүтцийг дүрслэн зурахад голд нь хүүхэд, харин тойроод санхүүжилт, багш, сургалтын орчин, удирдлага, үнэлгээ, хөтөлбөр гэсэн зургаан хүчин зүйл байрлаж харагдана. Энэ бол манайд урьд өмнө байгаагүй боловсролын тогтолцооны шинэчлэл болсон юм. Аливаа маргаан гарахад, зөв буруугийн эргэлзээ үүсвэл сөхөөд харах үзэл баримтлал, хөгжлийн загвартай болсон гэсэн үг. Энэ үзэл баримтлал нь боловсролын үе шатуудын залгамж чанарыг бий болгох юм. Монгол улсаа авч явах монгол хүнийг бид цэцэрлэгээс нь бэлдэнэ.
Дэлхийн олон улс оронд балчир хүүхдийнхээ хөгжлийг дэмжих санхүүжилтийг зарлага биш “хөрөнгө оруулалт” гэж үзэх болсон. Бүр “найдвартай хөрөнгө оруулалт” гэж нэрлэж байна.
Нобелийн шагналт, эдийн засагч Жеймс Хейкман бага насны хүүхдийн хөгжил, боловсролын хөтөлбөрт хөрөнгө оруулахын үр ашгийг тооцоолж, энэ нь дэд бүтэц, зам гүүр барьж байгуулах зэргээс давсан өндөр үр ашигтай бөгөөд эдийн засгийн хөгжлийн стратегийн нэг чухал хэсэг хэмээн дүгнэжээ. Тэрээр зургаа хүртэлх насны хүүхдийн хөгжилд оруулсан нэг доллар тутмын эргэх ашиг нь 12.90 доллар байна гэдгийг тооцоолсон юм.
Манай хүүхдүүд дээр ч энэ бас батлагдсан. Дөрвөн жил тасралтгүй цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн сурлага 15 нас хүрэхэд цэцэрлэгт алдаг оног явж байсан хүүхдээс хоёр орчим жилээр түрүүнд байсан. Гэхдээ хүүхэд бүр онцлогтой гэдгийг санаж байх учиртай. Хамгийн шилдэг хөтөлбөр зохиож, хамгийн шилдэг боловсолын тогтолцоог үүсгээд ч хүүхэд бүрийг жигд хөгжүүлэх болгох боломжгүй. Дэлхийн хамгийн мундаг боловсролын тогтолцоотой улс орнуудад ч бичиг үсэггүй хүмүүс байж л байдаг. Харин бид хүүхэд бүрийн давуу тал, авьяас, дур сонирхлыг нээх чиглэлд ажиллах ёстой юу? гэвэл ТИЙМ.

системийн туйлдал ба реформ номын хэсгээс...


