Онцлох мэдээ1 мин унших
Нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулж, хялбаршууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрийг хэлэлцэн баталлаа. Энэхүү өөрчлөлт нь халамжийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд сурталгүй, технологийн дэвшилд тулгуурлан иргэдэд хүргэх зорилготой юм.
ЖУРАМД ОРСОН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:
Хүнд сурталгүй цахим үйлчилгээ: Байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоох, хугацаа сунгахад иргэнийг заавал биечлэн ирэхийг шаардахгүй. Зөвхөн нотлох баримтад үндэслэх эсвэл цахимаар шийдвэрлэдэг боллоо.
Малчид болон гадаадад байгаа иргэдэд ээлтэй шийдэл: Отор хийж буй малчид, гадаад улсад байгаа иргэд болон өөр орон нутагт эмчлүүлж буй хүмүүс мэдээллийн технологи ашиглан асаргааны үйлчилгээгээ алсын зайнаас тогтоолгож, сунгах боломжтой болов.
Асрамжийн газрын хүүхдүүдийн баталгаа: Төрөлжсөн асрамжийн газарт байгаа хүүхдийн тэтгэмжийг банкны хадгаламжид төвлөрүүлж, тэднийг насанд хүрэхэд нь хүлээлгэн өгөх, хяналт тавих тогтолцоо бүрдлээ.
Олон нийтийн хяналт ба Сэтгэл ханамж: Халамжийн үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамжийг үнэлдэг болохоос гадна тэтгэвэр, тэтгэмж эзэндээ хүрч буй эсэхэд хөндлөнгийн хяналт тавих зохицуулалтыг тусгав.
Эх сурвалж:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам



