#Коммент2 мин унших
Н.Учрал: Иргэдийг өрийн сүлжээнд туйлдуулсан зээлийн хүүг үе шаттай бууруулна

УИХ-ын дарга Н.Учрал хангайн бүсэд ажиллаж, ард түмнээ сонсож явна. Тэрээр өөрийн санаачилсан “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил гэдгийг онцлон тайлбарлаж байна. Мөн ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүнээ худалдах гэхээр хүчээр үнэ тогтоож, олон журам гаргаж, бизнесийн эрх чөлөөнд халдаж байгааг иргэд хөндлөө.
Захиргаадалтын аргаар үнэ барьдаг цаг ард хоцорсон. Үнэ тогтоохын оронд өрсөлдөөн бий болгож, зах зээлийн зарчмаар нь хөгжих орон зайг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Иргэдээ өрийн сүлжээнд туйлдуулсан зээлийн хүүг ч ингэж үе шаттай бууруулна. Бугшсан өр, хоцрогдсон менежменттэй нийгмийн даатгалын тогтолцоог ч ижил жишгээр шинэчилнэ. Хаврын чуулганаар Банкны тухай хууль хэлэлцэж, гадаадын банк оруулж ирэх үе шаттай зохицуулалтууд тусгана гэдгийг онцоллоо.
Манай улсад өнөөдөр 597 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна.Ломбард, банк бусын тоо ингэж хэт олширсон улс манайхаас өөр байхгүй. Ард түмэн өндөр хүүгийн дарамтад сөхөрч байна. Нөгөө талд арилжааны банкууд ард түмний хадгаламжийн мөнгөөр салбар бүрд бизнес эрхэлж, ашиг хүртэж байна. Ингэж ард түмнээ хүүлж, шулдаг тогтолцоог чөлөөлөх ёстой.
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд энэ бүхнийг цэгцэлж, шударга, иргэнд ээлтэй санхүүгийн тогтолцоо бүрдүүлэх чиглэл өгсөн. Ард түмнээ өрийн гинжинд биш, боломжийн гарцад хүргэдэг шударга систем заавал бий болох ёстой. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх хэрэгтэй.Орон нутаг газар олголтоо өөрсдөө шийддэг болох шаардлагатай. Энэ шинэчлэлийг Хангайн бүсээс сонгогдсон гишүүд манлайлж хийнэ.УИХ-ын даргын хувьд 100% дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа






