#Шилэн хууль3 мин унших
Төсөв тэлсэн ч зарлагын өсөлт 28.2 хувьтай байгаа нь дунд хугацаанд инфляцын дарамтыг өсгөх эрсдэлтэй!

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Шилэн хууль3 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Монгол Улсын Их Хурал ирэх оны улсын төсвийг хуулиар тогтоосон хугацаанд дөрвөн үе шаттай хэлэлцэж, 11 дүгээр сарын 15-ны дотор баталсан байх ёстой. Өнгөрсөн пүрэв гарагт төсвийн хэлэлцүүлгүүдийг хийх байсан ч гишүүдийн ирц хүрэлгүй дөрвөн цаг хүлээсний эцэст чуулганыг хойшлуулсан. Төсвийн тодотголоо ч хэлэлцэж амжаагүй энэ парламент, ирэх оны төсвийг хугацаандаа хэлэлцэж амжих эсэх нь эргэлзээтэй байгаа.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлт, мэдээллээ танилцуулсан. Тус зөвлөлийн дүгнэлтээс харахад ирэх онд төсөв өмнөх оноос мэдэгдэхүйц тэлэх боловч зарлагын өсөлтөд тогтмол зардал давамгайлж, орлогын нэмэгдлийн нэлээд хэсгийг ногдол ашгаар бүрдүүлэхээр тооцжээ.
Түүнчлэн төсвийн орлогыг шинэ эх үүсвэрийг татах, бий болгох замаар нэмэгдүүлж байгаа нь сайн боловч уул уурхайн салбараас төсвийн орлогын хамаарах хамаарал, эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг дурдаад, төсвийн зарлагыг огцом нэмэгдүүлж байгаа нь төрийн оролцоог бууруулах бодлогоосоо татгалзсан төсвийн бодлогын шинжийг агуулж байгааг уг дүгнэлтэд онцолсон байна.
Тус зөвлөлөөс төсвийн тусгай шаардлагыг өөрчилж байгаа нь 2027 оны төсвийн төсөл тусгай шаардлагыг хангасан эсэхийг бүрэн тодорхойлоход хүндрэл учруулж байгааг дүгнэлтдээ тодотгожээ.
Эдгээр дүгнэлтэд үндэслэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төрийн оролцоог бууруулах, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, шинэ бодлого болон хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцох, төрийн албан хаагчдын цалин хөлсний бодлогыг эдийн засгийн нөхцөл, бүтээмжтэй уялдуулах, өрийн үйлчилгээний эрсдэлийг тооцох, Улсын Их Хурлын холбогдох тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, төсвийн тусгай шаардлагыг хангах чиглэлээр зөвлөмж гаргасан гэж байлаа.
Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгсөн дүгнэлтэд, шинэчлэн өргөн мэдүүлсэн төсвийн хүрээний мэдэгдлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,280.0 тэрбум төгрөг (ДНБ-ий 35.8%), нийт зарлагыг 43,586.0 тэрбум төгрөг (ДНБ-ий 37.8%), тэнцвэржүүлсэн тэнцлийг -2,306.0 тэрбум төгрөг (ДНБ-ий -2.0%) байхаар тооцоолсон нь өмнө батлагдсан үзүүлэлтүүдээс эрс тэлсэн дүнтэй байна. Нийт зарлагын өсөлт 28.2 хувьтай байгаа нь дунд хугацаанд инфляцын дарамтыг өсгөх эрсдэлтэй гэж дүгнэжээ.
Түүнчлэн нэгдсэн төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь 37.8 хувьд хүрсэн нь эдийн засгийн өсөлтийг хамгийн их дэмжих оновчтой түвшин болох 27.0 хувиас 10.8 нэгж хувиар, мөн таван жилийн үндсэн чиглэлийн 30.0 хувийн зорилтот түвшнээс 7.8 нэгж хувиар тус тус хэтэрч, эдийн засаг дахь төрийн оролцоог хэт тэлэх сөрөг үр дагавартай байна.
Түүнчлэн Засгийн газраас дагалдах хуулиар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 7.9 гэсэн нэмэлт заалт оруулж, ногдол ашгийн орлого нэмэгдвэл зарлагын дээд хэмжээг тусгай шаардлага харгалзахгүйгээр нэмэгдүүлж болохоор тусгасан нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, төсвийг хяналтгүй тэлэх үүд хаалгыг нээх эрсдэлтэй хэмээн үзсэн байна.