Үйл явдал2 мин унших
Нийслэлийн даац хэтэрсэн Ерөнхий Боловсролын Сургуулиудаар явж үйл ажиллагаатай нь танилцах ажлаа эхлүүллээ

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан "Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал дүгнэлт боловсруулах" ажлын хэсгийн ахлагчийн хувиар гишүүдийн хамт Нийслэлийн даац хэтэрсэн Ерөнхий Боловсролын Сургуулиудаар явж үйл ажиллагаатай нь танилцах ажлаа эхлүүллээ.
Ажлын хэсгийн гишүүн А.Ундраа, С.Эрдэнэбат нарын хамтаар өнөөдөр (2/9-ны өдөр) БЗД-ийн 14-р сургууль ажиллав.
Тус сургууль 1830 хүүхдийн хүчин чадалтай атал одоогийн байдлаар 6,366 хүүхэд сурч байгаа нь ээлжийн коеффициент 3.5-д хүрчээ.
Бид улсын хөгжил хүний хөгжлөөс, хүний хөгжил чанартай боловсролоос гэж их ярьж бичиж байгаа хэдий ч хүчин чадал нь 3.5 дахин хэтэрсэн сургуульд чанарын тухай ярих ямарч боломжгүй билээ.
Сургуулийн хүртээмж хангалтгүй байгаагаас ийм байдал үүсч байгаа ба чанартай боловсрол эзэмших эрх нь зөрчигдөж буй 220 мянган хүүхэд байгааг судалгаагаар тогтоосон.
Энэхүү зөрчлийг арилгахын тулд нэг анги 40-өөс илүүгүй, нэг сургууль 1800-аас хэтрэхгүй сурагчтай байх шалгуур тавьсан бөгөөд үүнийг хангахын тулд 108 сургууль шинээр барих шаардлагатайг тооцож гаргасан.
Эдгээр шинэ сургуулийг барихдаа даац хэтэрсэн сургуулийн хамран сургах тойрогт барих тооцоо гаргасан юм.
Энэ судалгаанд 14-р сургууль нилээд дээгүүр бичигдсэн ба 6366 хүүхдийг хэвийн нөхцөлд оруулахын тулд энэ тойрогт 960 хүүхдийн хүчин чадалтай 2 сургууль шинээр барих хэрэгтэй гэж үзсэн юм.
Хүртээмжийн асуудлыг ийм байдлаар судалгааны үндсэн дээр тодорхойлж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Үүний үр дүнд Сангийн яам 108 сургуулийн хөрөнгө оруулалтын асуудалд тогтмол анхаарч, харин нийслэл БЗД-ийн 13-р хороонд 2 шинэ сургуулийн газрыг чөлөөлүүлэх ажлыг төлөвлөж чадсан юм. Энэ бол бидний судалгааны ажлын үр дүн эхнээсээ гарч буйн илэрхийлэл билээ.

