Үйл явдал2 мин унших
Ж.Золжаргал: “Жагсаалтын гишүүн үгэнд орохгүй бол татна шүү” гэж ялгавартай хандах боломжгүй!
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ. Ингэхдээ тэрбээр,
"Улсын их хурлын гишүүн “улсын ашиг сонирхол”-д тангараг өргөдөг. Тангаргаасаа няцсан бол эгүүлэн татах үндэс болно. Намын бодлого дагаагүй гээд эгүүлэн татах боломжгүй.
Үндсэн хуульд зааснаар бол УИХ-ын гишүүн тангарагаасаа няцсан, гэмт хэрэг хийсэн бол эгүүлэн татах үндэслэл болно. Тийм үндэслэл байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэцэд хандан дүгнэлт гаргуулж болно. Түүгээрээ л явах хэрэгтэй.
Үндсэн хуульд зааснаар тойрог ба жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүдийн эрх, үүрэг ижил. Тиймээс “жагсаалтаар сонгогдсон бол эгүүлэн татна” гэж ялгавартай хандах боломжгүй.
Нам хэмээх байгууллага сахилга баттай байх нь парламентын тогтолцоонд чухал. Гэвч улсын ашиг сонирхол, хүний үндсэн эрхээс илүү сахилга бат гэж байхгүй. Үүгээр далайлгаж ард түмний элч болж ажиллах үүрэгтэй хүнийг “хараат байдалд” оруулж болохгүй.
Нийтийн асуудлыг тушаалаар биш хурлаар шийддэг Улсад хурлын гишүүд нь хараат бус сүрхий хүмүүс байх шаардлагатай. Тэднийг хараат бус байлгах томъёоллыг Үндсэн хуульд тусгасан. Энэ томъёолол бол төр хараат бус, улс тусгаар тогтносон байхад чиглэсэн хамгаалалт юм. Тиймээс энэ хамгаалалт руу халдаж болохгүй. “Жагсаалтын гишүүн үгэнд орохгүй бол татна шүү” гэх нь “хараат” байлгах эрмэлзлэл буюу төрийн тогтолцооны хамгаалалт руу халдаж буй хэрэг. Болохгүй.
Өөрийгөө хамгаалах гэж үүнийг бичсэнгүй, учир нь би жагсаалтын гишүүн биш, Баянгол дүүргийн тойргоос сонгогдсон. Нийгэмд ямар нэг шуугиан гарч, олон нийтийн сэтгэл үймэхээр түүнийг далимдуулж өөр тийш хадуурч буруу шийдвэр гаргачих гээд байдаг тул сэргийлж бичив.
Их хурал бол сэтгэл хөдлөлөөр биш “улсын ашиг сонирхол”-ыг дэнсэлж шийдвэр гаргах ёстой “хараат бус” бүтэц шүү дээ.
Жич: Ёс зүйн хариуцлагыг бол Ёс зүйн дүрмээрээ, Дэгийн хуулиараа тооцох боллмжтой. Дашрамд хэлэхэд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог 2025/7-р сард УИХ татан буулгасан. Бас Аж үйлдвэржилт, Инновацийн байнгын хороодыг татан буулгах шалтгааныг би бол ойлгоогүй. Одоо Дэд хорооны чиг үүрэгт орсон байгаа" гэв.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан





