Үйл явдал1 мин унших
Бутан улсад албан айлчлал хийлээ

2026 оны 3 дугаар сарын 1–4-ний өдрүүдэд Бутан Улсад албан айлчлал хийж, Монгол Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн, дэд дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүд Ш.Бямбасүрэн, Ж.Золжаргал нарын хамт тус улсын парламентын үйл ажиллагаатай танилцаж, хэд хэдэн чухал уулзалтууд хийлээ.

Айлчлалын үеэр Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Хэсэр Намжил Ванчук-т бараалхаж, Бутан улсын ирэх 50 жилийн хөгжлийн бодлого болон Монгол, Бутаны хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Мөн Бутаны Ерөнхий сайд Tshering Tobgay-тай уулзаж, далайд гарцгүй хөгжиж буй орнууд хоорондоо илүү ойр хамтран ажиллах, туршлага солилцох боломжийн талаар ярилцлаа.
Мөн хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар Бутаны сайд Юнтэн Фунтшо-той уулзаж, Монгол Улс мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой талаар санал хуваалцсан.
Түүнчлэн Бутаны Үндэсний Ассамблейн цөөнхийн төлөөлөл, Бутан Тэндрел намын удирдагч Пема Чеванг-тай уулзан парламентын сонгуулийн тогтолцооны талаар туршлага солилцсон юм. Энэ айлчлалын үеэр хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг илүү хөнгөвчлөх, аялал жуулчлал болон парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.
Холын ч гэлээ сэтгэлээрээ ойр, соёл уламжлалаа хадгалж чадсан сонирхолтой улсаар айлчилж, олон шинэ санаа, туршлага авч ирлээ.

