Үйл явдал3 мин унших
Сөүл хотын Пробацийн байгууллагад ажиллаж, нийгэмд суурилсан хяналтын тогтолцоотой танилцлаа

Одоохон...
Үйл явдал3 мин унших

УИХ-ын гишүүн О.Саранчулуун БНСУ-ын Сөүл хотын Probation and Parole Office буюу Пробацийн байгууллагад ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахын оронд хуульд заасан үүргийг нь мөрдүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, нийгэмд эргэн нэгтгэх тогтолцоотой танилцлаа.

Probation буюу пробацийн тогтолцоо нь хүнийг зөвхөн хянах бус, хяналтыг сэтгэл зүй, эрүүл мэнд, сургалт, эмчилгээ, нийгмийн тустай ажил болон дахин нийгэмшүүлэх үйлчилгээтэй хослуулдаг эрүүгийн бодлогын тогтолцоо юм.
1989 оноос хөгжүүлсэн тогтолцоо
БНСУ пробацийн тогтолцоог 1989 онд хүүхэд, өсвөр насныханд зориулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улмаар насанд хүрэгчдэд өргөжүүлэн хөгжүүлжээ. Өнөөдөр улсын хэмжээнд 58 пробацийн байгууллага ажиллаж байна.
Үндсэн үйл ажиллагаанд пробацийн хяналт, нийгмийн тустай ажил, зан үйлийг өөрчлөх сургалт, сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний захирамж, электрон хяналт болон дахин нийгэмшүүлэх үйлчилгээ багтдаг.
Сөүл дэх байгууллагын мэдээллээр пробацийн хяналтад гэр бүлийн хүчирхийлэл, хар тамхи, stalking зэрэг 9 төрлийн хэрэг, зөрчилтэй холбоотой хүмүүс хамрагддаг байна.
Электрон хяналт – 24 цагийн хяналт
БНСУ-ын тогтолцооны онцлог нь электрон хяналтын систем юм. Тус системийг 2007 онд хуулиар баталж, 2008 оноос хэрэгжүүлсэн бөгөөд өндөр эрсдэлтэй хүмүүсийн байршил, хөдөлгөөнийг 24 цагийн турш хянадаг.
Электрон хяналтад байгаа хүнийг зөвхөн техникээр хянах бус, дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлийг үнэлж, сэтгэл зүй, зан үйлийн өөрчлөлт, нийгэмд дасан зохицох хөтөлбөрт хамруулдаг. Улсын хэмжээнд электрон хяналтад 4,000 гаруй, Сөүлд 200 гаруй хүн байна.
Хяналт + нийгэмшүүлэх үйлчилгээ
Пробацийн тогтолцоонд сургалт, эмчилгээний захирамж чухал байр суурь эзэлдэг. Тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст зан үйлийг өөрчлөх, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх сургалт, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг.
Мөн нийгмийн тустай ажил нь шийтгэлийг зөвхөн хорих, торгох хэлбэрээр хэрэгжүүлэхээс илүүтэй тухайн хүний хөдөлмөрийг нийгэмд өгөөжтэй ажилд чиглүүлэх зарчимтай. Торгуулиа төлөх боломжгүй иргэдийг ч энэ тогтолцоонд хамруулах зохицуулалт бий.
Хорих ялаа эдэлж дууссан хүнийг сулласнаар төрийн оролцоо дуусахгүй. Дахин нийгэмшүүлэх, ажил хөдөлмөрт холбох, амьдралын анхан шатны дэмжлэг үзүүлэх үйлчилгээ давхар хэрэгждэг байна.
Олон талын оролцоотой хяналт
Мөн пробацийн хяналт, шийдвэр гаргалтад олон талын оролцоог хангах хяналтын хороо ажилладаг. Тус хороо нь тодорхой тохиолдолд ялыг хугацаанаас өмнө суллах эсэх зэрэг асуудлыг хэлэлцэж, мэргэжлийн болон гаднын байгууллагын төлөөллийг оролцуулдаг.
Ингэснээр эрүүгийн бодлого нь зөвхөн цагдаа, прокурор, шүүх, хорих байгууллагын асуудал бус, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, иргэний нийгмийн оролцоотой цогц тогтолцоо болж байна.
Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийг хэрхэн хэн харж байна вэ?
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Монгол Улсад пробацийн байгууллага ажиллаж байгаа ч БНСУ-ын туршлагатай харьцуулахад хяналт, сэтгэл зүй, сургалт, эмчилгээ, нийгмийн үйлчилгээ, дахин нийгэмшүүлэх үйл ажиллагааг нэг системд уялдуулах боломж бий.
Тиймээс цаашид БНСУ-ын туршлагыг шууд хуулбарлах бус, Монголын нөхцөлд тохируулан эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт, электрон хяналт, зан үйл өөрчлөх сургалт, сэтгэл зүйн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт болон дахин нийгэмшүүлэх үйлчилгээг үе шаттай хөгжүүлэх нь зүйтэй.
Эцсийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг зөвхөн шийтгэх бус, дахин гэмт хэрэг үйлдэх шалтгааныг бууруулж, нийгэмд аюулгүйгээр эргэн нэгтгэх явдал юм. Энэ чиглэлээр БНСУ-ын пробацийн эрх зүй, бүтэц, санхүүжилт, үйл ажиллагааг нарийвчлан судалж, Монгол Улсад нутагшуулах боломжийг цаашид ажил хэрэг болгохоор зорьж байна.



