Үйл явдал4 мин унших
"Dobong-gu Family Center"-тэй танилцлаа
УИХ-ын гишүүн О.Саранчулуун БНСУ-д ажиллаж байна. Тэрбээр өчигдөр /2026.08.20/ Солонгосын “Dobong-gu Family Center”-ийн үйл ажиллагаатай танилцаж, гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчилгээ хэрхэн нэг цэгт төвлөрч, төр–дүүрэг–их сургуулийн хамтын ажиллагаагаар хэрэгжиж болдгийг сонирхлоо.
Тэрбээр "Энэ төвийн захирал өөрөө нийгмийн ажилтан мэргэжилтэй бөгөөд гэр бүл, эрүүл гэр бүл, олон соёлт гэр бүлтэй холбоотой хууль, бодлогын хүрээнд төвийн үйл ажиллагааг авч явдаг. Улсын хэмжээнд хууль, бодлогоороо тодорхой хугацааны төлөвлөгөө гаргаж, түүндээ үндэслэн төвүүд үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Солонгос даяар ийм төрлийн 240 орчим төв ажилладаг бөгөөд Сөүл хотын 25 дүүрэг өөр өөрийн онцлог, хүн амын хэрэгцээнд тохируулан үйлчилгээгээ хөгжүүлдэг байна.
Гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах нь
Төвийн гол зорилго нь зөвхөн асуудал үүссэн үед гэр бүлд туслах бус, гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах, гэр бүлийг чадавхжуулах, харилцааг урьдчилан дэмжих юм.
Үйлчилгээ нь маш өргөн хүрээтэй:
• Гэр бүл, гэрлэлтийн харилцааг дэмжих
• Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг бууруулах
• Шилжин ирсэн болон олон соёлт гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр
• Хүүхдэд багаас нь олон соёлыг ойлгуулах боловсрол
• Bilingual боловсрол, орчуулгын үйлчилгээ
• Гэр бүлийн харилцааны үнэлгээ
• Сэтгэл зүйн зөвлөгөө, counseling
• Support group буюу дэмжих бүлгүүд
• Гэр бүлд чиглэсэн сургалт, case conference
• Гэр бүл салалтын дараах хүүхэдтэй харилцах, уулзах зөвлөмж, сургалт
• Эцэг эх, хүүхэд хамтдаа цагийг өнгөрүүлэх төвүүд
• Гэрээр очиж хүүхэд харах үйлчилгээ
• Цэцэрлэгүүдээр дамжуулан хүүхэд, эцэг эхэд хүрдэг outreach хөтөлбөр
• Family Festival зэрэг олон нийтийн арга хэмжээ
Ялангуяа салалтын дараа хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, хүүхдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар тусгайлан сургалт, зөвлөгөө өгдөг нь их сонирхол татлаа.
“Асуудал гарсны дараа” биш, урьдчилан сэргийлэх үйлчилгээ
Сүүлийн жилүүдэд хүн амын 30 гаруй хувь нь ганцаараа амьдарч байгаа нь нийгмийн харилцаа, ганцаардал зэрэг шинэ асуудлуудыг бий болгож байна.
Тиймээс ганцаараа амьдарч буй хүмүүсийг хооронд нь холбож, нийгмийн харилцааг нь дэмжих, хамтдаа оролцох үйл ажиллагааг ч зохион байгуулдаг байна.
Мөн амьдралын үе шат бүрээр нь гэр бүлд зориулсан хөтөлбөртэй.
-Хүүхэдтэй гэр бүл
-Залуу гэр бүл
-Эцэг эхийн боловсрол
-Өвөө, эмээгийн оролцоо
-Залуу аавуудын боловсрол, оролцоо
-Гэрээр очиж хүүхэд харах үйлчилгээ ч байдаг бөгөөд үйлчилгээний төлбөр нь гэр бүлийн орлого, зорилтот бүлгээсээ хамаарч өөр өөр байдаг. Зарим үйлчилгээ үнэ төлбөргүй.
- Их сургуультай хамтардаг загвар нь онцгой санагдлаа.
Миний хувьд хамгийн их сонирхсон хэсгийн нэг нь их сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагааны тогтолцоо байлаа.
Төвүүд их, дээд сургуулийн холбогдох тэнхимүүдтэй:
• Оюутнуудыг дадлага хийлгэх
• Төвийн мэргэжилтнүүд их сургууль дээр очиж лекц унших
• Их сургуулийн багш нар төвийн ажилтнуудад сургалт хийх
• Хамтарсан судалгаа хийх
• Мэргэжлийн аргачлал, assessment tool боловсруулах
• Судалгаанд суурилсан үйлчилгээ хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр хамтардаг байна.
Энэ бол Монголд бидний бодож үзэх ёстой маш чухал загвар байгааз биз! Миний сүүлд хийгээд байгаа “Аутизмд ээлтэй амьдрал” цуврал яг л мөн байхгүй дээ, уг нь..
Монголд нийгмийн ажил, сэтгэл зүй, боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн олон их, дээд сургуулийн тэнхим бий. Гэхдээ эдгээрийн мэдлэг, судалгаа, хүний нөөц бодит үйлчилгээ үзүүлдэг төвүүдтэй хэр системтэй холбогдож байгаа вэ гэдэг тал дээр сайн мэдэхгүй юм.
Төрийн болон төрийн бус үйлчилгээний төвүүдийг их сургуулийн “амьд лаборатори” болгож, оюутнууд дадлага хийх, багш нар судалгаа хийх, мэргэжилтнүүд шинэ аргачлал нэвтрүүлэх өчнөөн л боломжтой.
Гэр бүл болохоос өмнө гэр бүлийн боловсрол
Мөн нэг санаа нь надад маш их таалагдлаа. Гэрлэхээс өмнөх үзлэг, сургалт нь заавал тулгах хэлбэртэй биш, хүссэн хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд санхүүгийн боловсрол, харилцаа, асаргаа, гэр бүлийн амьдрал зэрэг сэдвээр сургалт авч болдог.
Монголд ч гэсэн: “Гэрлэсний дараа асуудлыг шийдэх” биш, “гэр бүл болохоос өмнө бэлтгэх” гэсэн хандлагыг хөгжүүлэх боломжтой санагдлаа.
Жишээ нь гэр бүл болох гэж буй хосуудад санхүү, харилцаа, хүүхдийн хөгжил, эцэг эхийн үүрэг, асаргаа, сэтгэл зүйн бэлтгэлийн талаар сургалт өгөх.
Үйлчилгээ үзүүлэгчдийнхээ сайн сайхныг ч мартдаггүй
Төвийн ажилтнууд нь нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэрэг хүмүүстэй өдөр бүр ажилладаг учраас burnout-оос урьдчилан сэргийлэх дотоод хөтөлбөртэй. Sharing time, workshop, healing process зэрэг үйл ажиллагаагаар ажилтнууд өөрсдөө сэтгэлээ хуваалцах, сэргээх боломж бүрдүүлдэг.
Мөн хэдэн жил ажилласнаас нь хамаарч урамшуулал, дэмжлэг үзүүлдэг байна. Үйлчилгээ авагчийн сайн сайхан байдал чухал гэж үздэг байх нь…
Монголдоо одоо яах вэ?
Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 120 мянга орчим, үүнээс 20 мянга орчим нь хүүхэд гэсэн тоо бий. Хүүхдийн асаргаа, хөгжлийн асуудалтай холбоотойгоор олон эцэг эх хөдөлмөр эрхлэх боломжгүй болох, гэр бүлийн орлого буурах, нийгмийн харилцаанаас тусгаарлагдах асуудал гардаг.
Тиймээс Монголд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, ахмадын төв зэрэг одоо байгаа байгууллагуудын сегментлэсэн юм хийж байхаар арай шинэ түвшинд гаргаж, зөвхөн үйлчилгээ үзүүлдэг газар бус: гэр бүл + хүүхэд + сэтгэл зүй + нийгмийн ажил + боловсрол + хөдөлмөр эрхлэлт + олон нийтийн оролцоог холбосон төв болгочихмоор байгаа юм л даа.
Үүний тулд хамгийн түрүүнд энэ төрлийн төвүүдийг ямар хууль, ямар засаглалын тогтолцоогоор ажиллуулдаг, төр–дүүрэг–их сургуулийн хамтын ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг туршлагыг Монголд нутагшуулах хэрэгтэй гэж бодож байна.
Мөн Монголын нэг төвийг Dobong-gu Family Center-тэй “найз төв” болгон холбож, туршлага солилцох, мэргэжилтэн сургах, хамтарсан сургалт, судалгаа хийх, үйлчилгээний аргачлал нэвтрүүлэх боломжийг судалж болох юм.

