Үйл явдал2 мин унших

Л.Энх-Амгалан: Нийслэлийн 10 сургууль дээр орчин үеийн тоног төхөөрөмж бүхий гал тогоо ажиллаж эхэллээ

Л.Энх-Амгалан: Нийслэлийн 10 сургууль дээр орчин үеийн тоног төхөөрөмж бүхий гал тогоо ажиллаж эхэллээ

“Хүүхдийнхээ хоолны мөнгийг өгч чадах, үгүйгээр нь хоёр ангилбал арай хямд тусах биш үү?” гэсэн асуулт их ирдэг. Хэрэв ингэвэл сургууль дээр үе тэнгийн дээрэлхэл, ялгаварлан гадуурхлыг өрдөн асаах болно. Гарах хохирол нь бүр ч их. Нөгөө талаар, ийнхүү ялгаж тогтоохын тулд хийх судалгааны ажил, жил бүрийн шинэчлэлийн зардал нь өөрөө хоолныхоосоо бага байхгүй л болов уу.

Ингэхийн оронд шуудхан л бүх хүүхдийг 100% хамруулах нь хамгийн сайн шийдэл болж байгаа юм. Манай хоёр хөршөөс эхлээд Бразил, Франц, АНУ-ын зарим муж гээд олон улс оронд ийм л арга хэрэглэж байгаа. Тэгээд ч бид ердөө 800 мянга гаруй л сурагчтай. Бүтэн судалгаа, туршлагатай ДЭМБ, Дэлхийн банк зэрэг байгууллагууд ч үүнийг зөвлөдөг.

“Сургуулийн үдийн хоол” хөтөлбөр хэрэгжихэд наад зах нь тухайн орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид, ногоочид, малчид орлого олж эхэлнэ. Хаа холоос л хүүхдийн хоолыг зөөгөөд байхгүй нь тодорхой. Манай орон нутагт “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжихэд нутгийн тариаланчид ногоонуудаа илүү арчлан ургуулж сургуульд нийлүүлж эхэлсэн байна.

“Манай хүүхдүүд л иднэ шүү дээ” гэж тэд хэлсэн байдаг. Гадаадын улс орнуудад ч яг ийм үзэгдэл болдгийг олон улсын судалгаа харуулдаг. Үдийн хоол хөтөлбөр орон нутгийн ЖДҮ-чийн ажлыг дэмжих, хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр жижиг дунд бизнес шинээр үүсэх зэрэг давхар сайн талуудыг авчрах нь дамжиггүй ажээ.

Манай улсад өөртөө гал тогоогүй сургууль зөндөө. Нийслэл хотод бүр ч их. “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжихэд гал тогоотой хэд нь тэрийгээ хувийн хэвшилд түрээслүүлэн ажиллуулж, гал тогоогүй нь хоолоо гаднаас зохицуулж эхэлсэн.

Нэг хүүхдэд оногдох хоолны өртөг 2500 төгрөг. Гэтэл түрээс, гаднын үйлчилгээ зэрэгт энэ өртгийн тал нь явчихдаг. Тэгсэн хэр нь жишээ нь өөрийн гал тогоотой байж заавал “түрээслүүлэх” сонирхолтой байдаг нэг гаж үзэгдэл тогтсон байлаа. Юу болж байсан нь ойлгомжтой тул ингээд орхилоо.

Сургууль бүр өөрийн гал тогоотой болох нь эхэндээ зардал мөнгө гарах ч гэсэн дараа нь эхний зардлаасаа хэд дахин давсан хэмнэлт, бүтээмж бий болгох нь тодорхой юм. Тухайлбал хөдөө орон нутагт хүүхдүүд хоолны хэдэн төгрөгөө бараг “бүтнээр нь идэж” байгаа. Учир нь хөдөөгийн ихэнх сургууль дотуур байртай, өөрийн гал тогоотой.  Юу хийх хэрэгтэйг тодоор харуулдаг илэрхий ялгаа энэ мөн.

БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллага, ВИТ төрийн бус байгууллагын санхүүжилтээр Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв" нээгдэж, нийслэлийн 10 сургууль дээр орчин үеийн тоног төхөөрөмж бүхий гал тогоо ажиллаж эхэллээ. Энэ бол бүх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийг гал тогоотой болгох загвар боллоо.

Ерөнхий боловсролХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023
  3. 2021
  4. 2020