Байр суурь3 мин унших
Х.Тэмүүжин: "Засгийн газар буюу гүйцэтгэх засаглал нь парламенттайгаа холилдоод, дээрээс харж суугаад байж болохгүй!
УИХ-ын чуулганы /2026.03.31/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
Өнөөдөр маш олон гишүүдийн амнаас авлига, хулгай, эдийн засаг таагүй байгаа байдлын тухай үгнүүд сонсогдож байна. Монгол Улсын авлига тогтолцооны авлига болсон. Үүнийг хүн бүр мэдэрч байгаа байх. Тогтолцооны авлигыг таньж мэдэх ганцхан л арга байгаа. Систем өөрөө буруу, гажиг байгаа үед сүүдэр томорч доор нь хулгай гаардаг. Хаалттай, хүнээс хамааралтай, сэтгэл хөдлөлөөрөө хөтлөгдөж байгаа бүх шийдвэрийн ард систем өөрөө хямарч байдаг. Тийм учраас миний ярьж байгаа энэ зарчмын байр суурь хүнд ерөөсөө хаяглагдаагүй . Манай системийн авлигын нэг энгийн жишээ УИХ-ын тархин дээр Ерөнхий сайд гарч суудгийг болих ёстой. Би Л.Оюунэрдэнийг Ерөнхий сайд байхад энэ хуулийг өргөн барьсан. Та бүхэн Ерөнхий сайд, намын даргаа хамгаалаад одоо хүртэл хэлэлцээгүй.
Г.Занданшатарын үед хэлэлцүүлэх үү гэж би асуусан, манай Ерөнхий сайд УИХ-ын гишүүн биш учраас суудлыг нь тэндээс буулгачихаар энэ танхимаас гарчих гээд байна гэж хэлсэн. Энэ Н.Учрал гэдэг хүнд хаягласан үг биш шүү. Парламентын тархин дээр Ерөнхий сайд гарч ирж сууж ерөөсөө болохгүй. Яг энэ мэтгэлцэж байгаа хоёр индэр байна. Энэ индэр дээр Ерөнхий сайд сөрөг хүчний лидер хоёр бодлогын мэтгэлцээн өрнүүлэх ёстой. Бусад улс орнуудад мэтгэлцэж байгаа индрийн харалдаа суудаг юм байна лээ. Нөгөө сөрөг хүчний дарга нь ч энд, Ерөнхий сайд нь ч тэнд. Ерөнхий сайдынхаа харалдаа ард нь сайдууд нь суудаг юм байна лээ.
Тэр сууж байгаа сандал дээрээс УИХ-ын гишүүнийхээ хувьд биш, сайдынхаа хариуцлагаар үг хэлдэг юм байна лээ. Тэгж байж систем зөв байршдаг юм байна. Суудлаа олохгүй бол гүйдлээ олохгүй гэж үг байдаг. Бид ГУРВАН даргын улс байх ёсгүй, тэр дундаа парламентын засаглал бүхий улс орны парламентын танхимд индэр дээр нь 3 дарга гарч ирж суучхаад загнаж, эс үгүй бол даргалж дээрээс харсан өнгө аясаар үг хэлж болохгүй. Та сая их гоё үг хэлсэн. Ямар ч албан тушаалтан иргэний дээрээс аашилж харж болохгүй. Дээрээс харж байгаа ганцхан тохиолдол нь унасан хүнийг босгохын тулд дээрээс нь харж болно гэж. Үүнтэй адилхан гүйцэтгэх эрх мэдлийг толгойлж байгаа хүн, парламентын дээрээс харж болохгүй.
Ядаж мэтгэлцдэг талбарынхаа дунд ирж зогсоод энэ парламентын мэтгэлцээнийг гүйцэтгэх эрх мэдэл хүлээн зөвшөөрч хүндэтгэж байгаа байр суурин дээрээс ярих ёстой. УИХ-ын дарга болж байгаа хүнд бас зориулж үг хэлнэ. Хэн нэг нь болох байх. Түрүүн Л.Гантөмөр гишүүн УИХ-ын дарга, Ерөнхий сайд протоколтой уулзах ёстой. Ерөнхийлөгч УИХ-ын дарга протоколтой уулзах ёстой гэж.
Протоколтой уулзалтыг гуйдаггүй юм . Энэ парламентын байршиж байгаа байшингаас Засгийн газар гарах ёстой. Үүнийг би 2024 оны сонгуулиар бүрдсэн, УИХ анх хуралдахад хэлж байсан. Цаана чинь парламентын сайдууд, Ерөнхий сайд нь парламентад орж ирэхдээ шат өгсөж орж ирдэг юм байна. Яагаад гэвэл энэ өөрөө сонгогчдын төлөөлөл болсон парламент учраас. Гүйцэтгэх эрх мэдэл, энэ байгууллага, энэ институтэд хүндэтгэлтэй хандах ёстой.
Сэтгүүлч Ц.Соёлмаа







