Байр суурь2 мин унших
С.Эрдэнэболд: Монгол Улсын хаана ч боловсролын гарааны тэгш байдал хангагдсан иж бүрэн тогтолцоо хэрэгтэй байна
УИХ-ын чуулганы /2026.04.02/-ны өдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуулдлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Хүүхдүүд яагаад хүчирхийлэлд өртдөг, ямар шалтгаан нөхцөлтэй болох статистик мэдээллүүд бий.
1. Өнгөрсөн 2025 онд Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн 1-ээс 12 дугаар ангийн 72334 хүүхдэд Их хурлын гишүүн Цэвэгдоржийн Туваан, Далайн Батбаяр бидний зүгээс захидал хүүхэд болгонд бичиж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар 5 мянган хариу захидал ирүүлсэн. 2024 онд 9369 захидлыг энэ 3 аймгийн 1-ээс 12 дугаар ангийн сурагч нарт явуулсан. Орон нутагт тохиолддог асуудал нь сургуулийн орчны аюулгүй байдал юм байна. Сэлэнгэ аймгийн Баянгол Дархан-Уул аймгийн Хонгор, Төв аймгийн Баянчандмань, Эрдэнэ, Баяндэлгэр, Баян гээд хурдны зам, тууш дамжин өнгөрч байгаа газрууд сургуулийн хүүхдүүд зайлшгүй гарцаар гарах болдог.
2. Золбин нохой ч гэдэг юм уу тодорхой хэмжээнд аюулгүй байдалд нь шууд заналхийлсэн зүйлүүд бий.
3. Тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн асуудал.
4. Хүүхэд хоорондын асуудал. Тэр дундаа өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийн дундах амиа егүүтгэх асуудал аймшигтай түвшинд хүрсэн. Тэгэхээр ер нь бол яах вэ? Сошиал орчин дахь гадуурхалтыг сургуулийн орчинд гэж агшаах нь хэр зөв бэ? Хүүхдийн эрхийг хамгаалсан хууль бий. Зохицуулалтын хүрээнд энэ асуудлыг сайжруулж боловсронгуй болгох зүйл байгаагүй юу? Ийм тодотголтой хууль орж ирэх нь бусад зүйлүүдийн ач холбогдлыг бууруулчихгүй юу?
Олон улсын Forum of Small States байгууллагаас гаргасан судалгаагаар 10 саяас доош хүн амтай улс орнуудын хөгжлийн нэгдүгээр асуудал нь боловсролын системд хөрөнгө оруулах, Боловсролын үр өгөөж юм. ХЭҮК-оос гаргасан судалгаагаар ээж аавынх нь орлого хаана амьдарч байгаагаас хамаарч хүүхдүүдийн боловсролын гарааны тэгш байдал алдагдаад байгаа юм. Хүний эрхийн асуудал бол суурь асуудал учраас Монгол Улсын хаана ч байсан сурагч хүн эрхээ хамгаалуулдаг иж бүрэн тогтолцоо хэрэгтэй байна.
Орчныг нь сайжруулахын тулд дагаж хэчнээн хуульд өөрчлөлт орох вэ?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
