#Коммент3 мин унших

Монгол Улс анагаахын шинэ эриний босгонд

Монгол Улс анагаахын шинэ эриний босгонд
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар

"Донорын тухай" ойлголт хуулийн хүрээнээс хальж, "Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай" бие даасан хуультай болсноор бусдад амьдрал бэлэглэх шинэ тогтолцоог бүрдүүлэх боломжтой болно.

Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ 2006 оноос эхлэн эрчимтэй хөгжиж, өдгөө дэлхийн жишигт хүрсэн хагалгаануудыг дотоодын эмч нар бие даан гүйцэтгэж байна. Гэвч өнөөдрийг хүртэл энэхүү нүсэр салбарыг ерөнхий агуулгатай "Донорын тухай" хуулиар зохицуулж ирсэн нь цаг үеийн шаардлагад нийцэхгүй болжээ. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын санаачилсан шинэ хуулийн төсөл нь энэхүү гацааг арилгах түүхэн үүргийг хүлээж байна. Мэдээж ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ажиллаж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад:

●    Бөөр шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад 350 иргэн,

●    Элэг шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад 250 гаруй иргэн бүртгэлтэй байна.

Энэ бол зөвхөн тоо биш, өдөр бүр амьдралын төлөө тэмцэж буй 600 гаруй хүний хувь заяа юм. Хэдийгээр 2023 оны байдлаар 331 хүнд бөөр, 362 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн ч амьгүй донорын тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байгаа нь хүлээлтийг уртасгасаар байна. Үүнтэй холбоотой нэг томоохон асуудал өнгөрсөн хугацаанд гарсан нь П.Батчулууны эмчийн кэйсыг нийгэм даяараа мэдэхэд хүрсэн.

Бие даасан хуулийн төслийн "цөм" өөрчлөлтүүд

Шинэ хууль батлагдсанаар анагаах ухааны салбарт дараах 5 том үр дүн гарна гэж хууль санаачлагчид үзэж байна:

  1. Бие даасан тогтолцоо: Дэлхийн 90 гаруй орны жишгээр эрхтэн, эд, эсийн асуудлыг тусад нь хуульчилснаар удирдлага, зохион байгуулалт шинэ шатанд гарна.
  2. Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв: Хууль батлагдсанаар төрөлжсөн үндэсний төв байгуулагдах суурь нөхцөл бүрдэж, санхүүжилт болон тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдэнэ.
  3. Амьгүй донорын нэгдсэн сүлжээ: Тархины үхэлтэй донорыг илрүүлэх, бүртгэх, түүний ар гэрт хүндэтгэл үзүүлэх тогтолцоо улам төгөлдөржиж, нэг донороос олон хүний амь насыг аврах боломж нээгдэнэ.
  4. Ирээдүйн технологи – Үүдэл эс ба Хүйн цус: Зөвхөн эрхтэн солихоос гадна үүдэл эсийг нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах, хүйн цусны банк байгуулах зэрэг дэлхийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололтуудыг Монголд нутагшуулах эрх зүйн зам нээгдэнэ.
  5. Гадагшаа урсах валютын урсгал саарна: Иргэд заавал гадаадыг зорьж, өндөр зардлаар хагалгаанд орох шаардлагагүй болж, дотооддоо чанартай тусламж авах боломж бүрдэнэ.


Ёс зүй ба Хяналт: Олон улсын жишигт нийцэх нь

Монгол Улс анагаахын шинэ эриний босгонд

ДЭМБ-ын "Resolution WHO 63.22" шийдвэр болон Станбулын тунхаглалд нийцүүлэн, эрхтний наймаа болон аливаа хууль бус үйл ажиллагаанаас сэргийлэх "Ёс зүйн хороо"-г байгуулахаар төсөлд тусгажээ. Энэ нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөх юм. Хорь гаруй жилийн өмнө л зөвхөн "Цусны донор"-ын хэмжээнд яригдаж байсан Монголын эрүүл мэндийн салбар өнөөдөр "Эрхтэн, эд, эс"-ийг бие даан хуульчлах хэмжээнд хүртлээ томорчээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс зөвхөн эмчилгээ хийдэг биш, эрдэм шинжилгээ, судалгаа болон амьдрал бэлэглэх тогтолцооны шинэ түвшинд очих болно гэдгийг хууль санаачлагчид болон ажлын хэсгийнхэн дүгнэж байна.

Сэтгүүлч Уугантуяа

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012