#Коммент2 мин унших
Х.Тэмүүжин: Улсын бүрэн эрхэт байдлыг УИХ буюу Парламент нь бүрэн илэрхийлдэг

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүн 2025.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Их Хурал дэмжлээ.
Энэхүү хуулийн төсөл нь Улсын Их Хурлын дарга буюу Парламентын спикер намын улс төрөөс ангид, төвч байх үзэл санаатай.
Парламентын танхимд улс төрийн эрүүл өрсөлдөөн өрнөж, олонх цөөнхөөрөө хоорондоо мэтгэлцэж, бодлогоо уралдуулж, бас ойлголцож энэ улс орныг авч явдаг. Энэ бол парламентын суурь тогтолцоо юм.
Улсын бүрэн эрхэт байдал гэж байдаг бол тэр бүрэн эрхэт байдлыг УИХ буюу Парламент нь бүрэн илэрхийлж байдаг. Тийм учраас парламентын спикер буюу УИХ-ын даргыг нам бус байх хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Ямарваа нэгэн асуудал гарахад түүнээс сургамж аваад, засаад цааш явах ёстой. Аль нэг намын хэрүүлийг дагаж парламент ганхах ёсгүй юм.
Улсын Их Хурлын тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалын хэсгээс:
Хуулийн төслийн зорилго нь Улсын Их Хурлын даргыг Улсын Их Хурлын нийт бүрэлдэхүүний олонхид хүлээн зөвшөөрөгдөх, төвийг сахисан байдлаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын хуралдааныг сонирхолын зөрчилгүй, намчирхалгүй удирдах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн түр эзгүйд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хуулийн шаардлага нөхцлийг ханган хэрэгжүүлэх зэрэг асуудлыг зохицуулах хууль зүйн үндэсийг бий болгох төдийгүй нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах ажлыг үр нөлөөтэй, зүй бус хязгаарлалтгүй хэрэгжүүлэх боломжийг олгоход чиглэж буй юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
