#Коммент2 мин унших
Н.Батсүмбэрэл: Арилжаа наймааны хэлбэрт шилжихээс сэргийлж, эд, эсийг хадгалах зориулалтын био банкны эрх зүйн зохицуулалт бий болно

Монгол эмч нарын маань ур чадвар дэлхийн түвшинд хүрч, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын үр дүн 95-аас дээш хувьтай байгаа ба жилээс жилд мэдлэг, чадвар нь нэмэгдэж байна. Харин цаашид донор, эрхтэн шилжүүлэн суулгуулах иргэн, тэдний гэр бүлийн эрхийг хамгаалсан, ил тод, нэгдсэн, хариуцлагатай эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага бий.
Энэ хүрээнд Ж.Чинбүрэн, Н.Батсүмбэрэл нарын гишүүд "Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай" хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлээд байсан юм. Улмаар УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй нийт 75 саналын томьёоллоор санал хураалт явуулсны ихэнхийг нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) 2010 оны 5 дугаар сард хуралдсан 63 дугаар чуулганаар “Resolution WHO 63.22” шийдвэрийг баталсан нь Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг баримталж ажиллах 11 заалтыг хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа мөрдлөгө болгохыг зөвлөсөн байдаг.
Мөн түүнчлэн Монгол Улсын иргэн бүр эмнэлгийн тусламж үйлчилгээг авах эрхийг Үндсэн хуулиар хамгаалж өгсөн байдаг. Нийгмээ дагаад шинжлэх ухааны салбарууд хөгжихийн хэрээр түүнийг зохицуулах хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт орох шаардлага үргэлж бий болж байдаг.

Иймд уг хуулийн төсөл батлагдсанаар:
Донор болон эрхтэн шилжүүлэн суулгуулах иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол илүү тодорхой хамгаалагдана.
Амьд донорт тавигдах шаардлага, амьгүй донорыг илрүүлэх, бүртгэх үйл ажиллагаа олон улсын жишиг, зарчимд нийцнэ.
Эрхтэн, эд, эсийн наймаа, арилжааны хэлбэрт шилжих эрсдэлээс урьдчилан сэргийлэх зохицуулалт сайжирна.
Эд, эсийг хадгалах зориулалтын био банкны эрх зүйн зохицуулалт бий болно.
Эрүүл мэндийн байгууллагуудын чиг үүрэг, уялдаа холбоо тодорхой болж, эмчилгээний зохион байгуулалт, хяналт сайжирна.
Иргэд эх орондоо олон улсын жишигт нийцсэн тусламж, үйлчилгээ авах боломж нэмэгдэнэ.
Энэхүү хуулийн шинэчлэл нь тухайн салбарын асуудал төдийгүй олон хүний амь насыг аврах, гэр бүлд итгэл найдвар өгөх, Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг олон улсын жишигт ойртуулах чухал алхам юм болохыг Н.Батсүмбэрэл гишүүн онцлов.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
