Онцлох мэдээ1 мин унших
Н.Батсүмбэрэл: Цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ

Өчигдрийн /2026.08.07/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нарын хамтран өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тус хуулийн төсөл нь цусны донорын тогтолцоог бэхжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг нэмэгдүүлэх, гамшиг осол болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед улсын хэмжээнд бэлэн байдлыг хангахад чиглэж байна.
2025 оны байдлаар манай улсад 170 мянга гаруй бүртгэлтэй цусны донор байгаа бөгөөд цус сэлбэлт судлалын 27 төвд 206 эмнэлгийн ажилтан онцгой нөхцөлд ажиллаж байна.
Иймд хуулийн төсөлд донорын үйл ажиллагааг дэмжихээс гадна цус сэлбэлт судлалын салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг бодитоор үнэлж, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 62 саналаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
