Үйл явдал2 мин унших
ХХНББХ: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах хуулийн төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.04.21)-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын боловсруулж, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын өнгөрөгч хаврын ээлжит чуулганы 2025 оны тавдугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, хэлэлцэхийг дэмжсэн юм.

Улсын Их Хурлын гишүүд хуулийн нэрийг Хүний эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болгон өөрчлөх үндэслэл, шаардлага, мөн Монгол Улсад эдүгээ хийгдэж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, түүний үр дүн ямар байгаа, арилжааны хэлбэрт шилжихээс сэргийлэх болон био банктай холбоотой зохицуулалтын талаар асууж дэлгэрэнгүй хариулт авсан юм. Мөн судалгааны болон сургалтын зориулалттай эд, эс, амьгүй донорын тодорхойлолт, насны хязгаар, түүний зөвшөөрөл, гарын үсгийн тоо, мэс заслын дараа цогцосыг хүлээлгэн өгөх, мөн 14 хүртэл насны хүүхдээс ясны хэм, захын цус авахтай холбоотой зөвшөөрлийн тухай болон амьд донорын эмчилгээний дараах асаргаа, сувилгаа, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төрөлжсөн тасаг, мэргэжлийн баг бүхий реципиент эмнэлгийн тоо, хүчин чадал, энэ асуудлыг эрхлэх Тусгай мэргэжлийн төв, түүний эрх зүйн байдлын талаар асуулт асууж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авч, санал, томьёолол хэлсэн юм.
Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй нийт 75 саналын томьёоллоор санал хураалт явуулахад ихэнхийг нь Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Харин хуулийн төслийн нэрийн эхэнд “Хүний” гэж нэмэх тухай Ажлын хэсгээс гаргасан саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

