Онцлох мэдээ1 мин унших
НҮБ-ын Хөгжлийн санхүүжилтийн 2026 оны чуулга уулзалтад оролцлоо

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо 2026 оны 04 дүгээр сарын 20-ноос 24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хөгжлийн санхүүжилтийн чуулга уулзалтад оролцлоо.
Чуулга уулзалтаар 2025 оны 06 дугаар сард зохион байгуулагдсан Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх олон улсын 4 дүгээр бага хурлын үеэр байгуулсан “Севильягийн үүрэг амлалт”-ын баримт бичгийн хүрээнд тодорхойлсон тогтвортой хөгжлийн төлөөх санхүүжилт, олон улсын худалдаа, санхүүгийн архитектур болон тогтолцоо зэрэг сэдвүүдийг онцлон хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Түүнчлэн, Монгол Улсад Цөлжилттэй Тэмцэх тухай НҮБ-ын Конвенц (ЦТНҮБК)-ын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан энэхүү чуулга уулзалтын дэргэд 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан газрын доройтол, цөлжилттэй тэмцэх санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлаар өндөр түвшний дагалдах арга хэмжээнд оролцов.


