Онцлох мэдээ2 мин унших
Хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2026.05.14/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Ажлын хэсэг хоёр удаа хуралдсаны дээр энэ оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр “Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, Улсын Их Хурлын гишүүд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулсан байна.
Хэлэлцүүлгээс хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогод хүүхэд төрүүлэхийг уриалан дэмжихийн зэрэгцээ эх, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн тэгш боломж олгох зэрэг хүүхэд төрсний дараах амьдралын чанарын асуудлыг цогцоор нь авч үзэх, залуу гэр бүлийг эдийн засаг, орон сууц, ажил-амьдралын тэнцвэрийн бодлогоор дэмжих шаардлагатай хэмээн зөвлөснийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцуулгадаа онцолсон юм.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасахаар төсөлд тусгасан нь зөвхөн хүн амын өсөлтийг дэмжээд зогсохгүй эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчимтай нийцэж байна гэж Ажлын хэсэг үзжээ. Иймд хууль санаачлагчдын санал дээр нэмж, үрчлэн авсан хүүхдэд тавигдах “тэр үед гурав хүртэлх насанд нь” гэсэн шалгуурыг төсөлд нэмж тусгах замаар хуулиас хасах санал боловсруулсан байна. Мөн хуулийг энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасныг ирэх 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс болгон өөрчлөх санал гаргажээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа үг хэлж, хуулийг нөхөн үйлчлэхгүй гэдгийг иргэд, олон нийтэд сайтар ойлгуулах, мөн “Эхийн алдар” одонгоо авчихаад хүүхдүүдээ хаядаг, өргүүлж үрчлүүлдэг, өвөө, эмээд нь өгдөг эцэг, эхчүүдийн асуудлыг цэгцлэх талаар тодорхой бодлого, үйл ажиллагаа явууулах шаардлага байгааг анхааруулж, нярайн сувилал бий болгох нь нялхасын эндэгдлийг бууруулахад үр дүнтэй нөлөө үзүүлнэ гэдгийг онцолсон юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


