Үйл явдал1 мин унших
"Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр” байгуулах асуудлаар урьдчилсан уулзалт хийлээ

Миний бие Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрөөр (2026.05.01) зохион байгуулсан “Нийгмийн шударга ёсны төлөө - Эв санааны нэгдэл” тайван жагсаалд салбарын сайдын хувиар оролцож, иргэд, хөдөлмөрчдийнхөө байр суурийг сонссон билээ. Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамираас хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн албан шаардлагыг биечлэн гардан авч, уг шаардлагыг жагсагчдын төлөөллийн хамтаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд албан ёсоор уламжлан гардуулсан юм.
Уг гардуулан өгсөн шаардлагуудыг бодит ажил хэрэг болгох албан ёсны уулзалтыг өнөөдөр (2026.05.18) Төрийн ордонд зохион байгуулж, МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.


Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг богино хугацаанд шуурхай ажиллаж, хэлэлцээрийн төслийг боловсруулж дууслаа.
Үйлдвэрчний эвлэлээс 52, ажил олгогчдоос 30, яамдаас 27, нийт 109 санал ирүүлснийг нэг бүрчлэн хэлэлцэж, төсөлд тусгав.
Хэлэлцээр нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд чиглэнэ.
Бид гурван талт хамтарсан уулзалтаа зохион байгуулж, хэлэлцээр байгуулах бүрэлдэхүүн, тов болон онцлох асуудлуудаа эцэслэн хэлэлцлээ. Талууд бүрэн санал нэгдсэн тул ойрын хугацаанд Улсын хэлэлцээрийг албан ёсоор байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар тогтлоо.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан




