Байр суурь2 мин унших

П.Сайнзориг: Архины санд байгаа 23 тэрбум төгрөгийг донтолтын эсрэг зөв зүйлд зарцуулах хэрэгтэй!

УИХ-ын чуулганы /2026.06.04/-ний өдрийн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийллээ.

Энэ хуулийг яаралтайгаар цаг алдалгүй хэлэлцээд хар тахал болсон хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх  үйл ажиллагааг цаг алдалгүй  үр дүнтэй явуулах тал дээр  хууль эрх зүйн талаасаа дэмжээд өгөх хэрэгтэй. ХЗБХ-н дээр  ажлын хэсэг гарах байх. Үүнийг дараад байлгаад байхгүйгээр идэвхтэй ажиллаад явах хүнээр  ажлын хэсгийг ахлуулаад яваасай. Хоёр, хар тамхичдын хэрэглэгчдийн нас хүйсийг судалгаануудаас харахаар их залуу байгаа. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, хүн ам зүйн бодлого цаашдаа ер нь оршин тогтнох уу, үгүй юү гэдэг дээр ч  нөлөө үзүүлэхүйц хэмжээнд сөрөг үр дагаврууд гарах магадлалтай байна. Тийм учраас энэ чиглэлийн бодлогыг сайжруулах. Улмаар  үүний нийлүүлэлт, худалдах ашиг хонжоо олж байгаа этгээдүүд дээр хатуу хариуцлага байхаасаа гадна  донтолтыг эмчлэх дэд бүтцийг  Монгол Улсад яаралтай сайжруулж, хүний нөөцөө бэлдэх хэрэгтэй байна.

Яг үнэндээ  шүүхийн шийдвэрийн харьяа  СЭМҮТ гээд цөөхөн хэдэн газар цөөхөн ортой архины  донтолтын эмчилгээг явуулдаг. Харин мансууруулах хар тамхитай  арга зүй, хүний нөөц, төсөв мөнгө талаасаа байхгүй байгаа.  Тийм учраас энэ чиглэлийн бодлогыг миний бие ХЗДХЯ-нд байхдаа энэ хуулийг боловсруулчих гэж оролцож байсан. Энэ архины сан гэдэг зүйлийг байгуулсан юм. Архи үйлдвэрлэж, импортолж буй хүмүүстэй ойлголцож байж өндөр градустай архиас 300 төгрөгийг тодорхой тусгай санд оруулаад, үүгээрээ  дэлгэцийн дон, архины дон, мансууруулах энэ хар тамхи, мөрийтэй тоглоомын донгуудыг эмчлэх.  Төрөлжсөн эмнэлэг, төвүүдийг байгуулах асуудлыг л ярьж байсан юм. Иргэд өнөөдөр хаана хандахаа мэдэхгүй байгаа юм. Зардал мөнгө их шаарддаг. Архины сан дээр 23 тэрбум төгрөг байгаад байхад Сангийн яам  хэрэглүүлэхгүй байгаад л  харамсаад байгаа юм. Үүнийг бодлогын түвшинд Засгийн газар анхаарч өгөөч. Хэзээ хар тамхитай тэмцэхэд  23 тэрбум төгрөг тавьж байсан юм бэ. Ийм донтолтын эсрэг юм дээр мөнгө байгаад байхад ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай зүйл.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016