#Коммент2 мин унших
Н.Батсүмбэрэл: Төрийн үйлчилгээг ОРОН НУТАГТ хэрэгжүүлдэг байгууллага, агентлагуудын удирдлагын томилгоо хийх эрхийг Засаг даргад олгох эрх зүйн шинэчлэл хийнэ

Төрийн үйлчилгээ иргэдэд хамгийн ойр түвшиндээ шуурхай, чанартай, хариуцлагатай хүрдэг байх нь нутгийн удирдлагын үндсэн зарчим юм.
Өнөөдөр сум, дүүргийн Засаг дарга нар тухайн орон нутгийнхаа нөхцөл байдал, боловсон хүчний хэрэгцээ, сургууль, цэцэрлэг, соёл, спорт, нийгмийн үйлчилгээний байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг хамгийн ойроос мэдэж ажилладаг.
Гэвч олон тохиолдолд орон нутагт ажиллаж буй байгууллагуудын удирдлагын томилгоо, санхүү, бодлогын шийдвэр төв байгууллагаас хамааралтай хэвээр байна. Үүний улмаас орон нутгийн удирдлага иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг атлаа төрийн үйлчилгээг бүрэн зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих, шаардлагатай үед хариуцлага тооцох боломж хязгаарлагддаг.
Тиймээс УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нарын гишүүд төрийн бодлого, үйлчилгээг орон нутагт хэрэгжүүлдэг зарим байгууллагын дарга, удирдлагыг тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хариуцлага тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг /2026.05.29/-ний өдөр өргөн мэдүүлээд байна.
Дүүргийн Засаг дарга дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийн орчин нөхцөл, хүний нөөц, иргэдийн санал гомдол, хэрэгцээ шаардлагыг хамгийн ойроос харж ажилладаг. Сумын Засаг дарга ч мөн адил сумынхаа боловсон хүчний нөхцөл, байгууллага хоорондын уялдаа холбоо, иргэдэд хүрч буй үйлчилгээний бодит байдлыг газар дээр нь мэддэг.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл “Энэ бол зөвхөн томилгооны асуудал биш. Харин төвлөрлийг сааруулах, орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, эрх мэдэл ба хариуцлагыг нэг түвшинд уялдуулах бодлогын шинэчлэл Бүх асуудлыг Улаанбаатар хотод төвлөрүүлэн шийддэг тогтолцоо цаашид үр дүнтэй байх боломжгүй. Орон нутаг өөрийн асуудлаа өөрөө мэдэж, шийдвэр гаргах эрхтэй, гаргасан шийдвэрийнхээ үр дүнг иргэдийнхээ өмнө хариуцдаг байх ёстой. Иймд орон нутгийн удирдлагын эрх мэдэл, хариуцлагын уялдааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, шуурхай, үр дүнтэй хүргэх эрх зүйн шинэчлэлийг дэмжин ажиллах болно” хэмээн байр сууриа илэрхийлж байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
