Үйл явдал2 мин унших
МОНГОЛЫН ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАР ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРЭХ ҮНДЭС СУУРИА БАТАТГАЛАА

“ICOT V–2026” олон улсын чуулган өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж, дэлхийн болон бүс нутгийн нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, профессор багш нар, салбарын 400 гаруй эмч, мэргэжилтэн Монгол Улсад чуулж байна. Энэ бол зөвхөн эрдэм шинжилгээний уулзалт бус, олон улсын хамтын ажиллагаа, нөхөрлөл, мэдлэг туршлагын үнэ цэнийг нэгтгэсэн томоохон индэр юм.

Хүний амийг аварч болох хамгийн дэвшилтэт эмчилгээг Монгол хүн эх орондоо авах боломжийг бүрдүүлэх их үйлсийн эхлэлийг тавьсан Ардын эмч, профессор Д.Нямсүрэн болон түүний хамт олон, профессор Maurice Slapak нарын гавьяаг бид үргэлж хүндэтгэн дурсах ёстой. Мөн элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад хөгжүүлэх үйлсийг манлайлан эхлүүлсэн Ардын эмч О.Сэргэлэн, профессор П.Батчулуун, Даваадорж, Ганболд багш нар болон тэдний хамт олонд гүн талархал илэрхийлье.

Өнөөдөр Монгол Улсад элэг, бөөр, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай хөгжиж, таван эмнэлэгт тогтмол хэрэгжиж байна. Хавдар судлалын үндэсний төв дурангийн аргаар амьд донороос элэг авах мэс заслыг нутагшуулж, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг шинэ шатанд хүргэсэн нь Монголын анагаах ухааны томоохон амжилтын нэг билээ.
Түүнчлэн робот мэс заслын технологийг нэвтрүүлж эхэлснээр Монгол Улс эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний чиглэлээр бүс нутгийн жишиг болох шинэ боломжуудыг нээж байна. Энэ жил батлагдсан “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” анхдагч хууль нь салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах түүхэн шийдвэр боллоо. Энэхүү чухал үйл явдлыг бэлгэдэн УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын хамт эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нутагшуулсан төвүүдэд хуулийн эхийг гардуулан өглөө.
Мөн өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 5.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий REVO-1 робот мэс заслын аппаратыг хүлээлгэн өгөх батламжийг Э.Батшугар сайдын хамт гардууллаа.
ICOT V–2026 олон улсын чуулганд оролцож буй нийт оролцогчдод амжилт хүсэж, Монголын эрхтэн шилжүүлэн суулгах салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн үе үеийн эмч, эрдэмтэн судлаачид, эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
