Онцлох мэдээ1 мин унших
Улсын бүртгэлийн хуулийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын гишүүн П.Сайнзориг хуулийн төслийг танилцууллаа.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд 12.2.5 дахь заалт буюу “ашиглалтад оруулах гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн эсэх, зөвшөөрөлд заагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар барьж байгаа барилга байгууламж дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий хэлцэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаа эсэх, Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу орон сууц захиалгын гэрээ, хэлцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж, бүртгүүлсэн эсэх талаарх мэдээлэл.” гэж нэмж тусгана.
Мэдээлэл нээлттэй болсоноор орон сууц захиалгын гэрээгээр халхавчилж, залилах гэмт хэргээс сэргийлж, иргэдийг хамгаалах эерэг үр дүн гарна. Захиалгын гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн бүх гэрээг бүртгэх буюу урьдчилсан тэмдэглэл хийж, давхар гэрээнээс иргэд хохирохоос сэргийлнэ гэж хууль санаачлагч танилцуулсан.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа






