Үйл явдал2 мин унших
Цэрэгжилтийн хичээлийг шинэчилсэн хэлбэрээр ЕБС-уудын хөтөлбөрт тусгах танилцуулгыг хийлээ

Орхон аймагт зохион байгуулагдаж буй “Боловсролын багц хуулийн хэрэгжилт, боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлого 2026-2028” зөвлөгөөнд оролцож, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн боловсролын салбарын 250 гаруй төлөөлөгчтэй уулзан, боловсрол дахь батлан хамгаалахын салбарын оролцоо, хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар санал солилцлоо.

Бид боловсролын салбартай хамтран дараах бодлогын өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Боловсролын бүх шатанд цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийн агуулгыг тусгана. Үүнд:
• Цэцэрлэгийн түвшинд “Миний эх орон” сэдвээр эх оронч хүмүүжлийн суурийг тавих,
• Бага боловсролд “Хүндлэхүйн ухаан”, иргэний ёс зүй, үнэт зүйлийн агуулгыг нэмэгдүүлэх,
• Суурь боловсролд “Монгол цэргийн түүх”-ийг судлуулах,
• Ахлах ангид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын чиг үүргийг таниулах,
• “Цэрэг-иргэний хамгаалалтын бэлтгэл” буюу цэрэгжилтийн хичээлийг шинэ агуулга, шинэ стандарттайгаар сэргээхээр ажиллаж байна.
-Ахлах ангийн сурагчдад зориулсан Цэрэгжилтийн хичээлээр зөвхөн цэргийн мэдлэг олгох бус гамшгийн үеийн бэлэн байдал, иргэний хамгаалалт, хамт олонч үзэл, хариуцлага, сахилга батыг төлөвшүүлнэ. Хүчтэй нь сул доройгоо дээрэлхдэг биш, хамгаалдаг байх үнэт зүйлийг хүүхэд, залуучуудад төлөвшүүлэхэд онцгой анхаарна.
-Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар алслагдсан болон хөдөө орон нутагт багш, эмч зэрэг нийгмийн зайлшгүй хэрэгцээт мэргэжлээр 3 жил ажилласан иргэдийн хөдөлмөрийг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцдог болох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Багш нарын цалин, нийгмийн баталгааг сайжруулах асуудлыг цаашид ч тууштай дэмжиж, боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг Засгийн газрын түвшинд үргэлжлүүлэн дэмжинэ.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын хамгийн бат бөх суурь бол эх оронч үзэлтэй, зөв төлөвшилтэй Монгол хүүхэд юм. Батлан хамгаалах болон боловсролын салбар хамтран ирээдүйн эх оронч, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна.




