#Коммент2 мин унших
Эрүүл монголын төлөө эхлүүлсэн шинэчлэл үргэлжилнэ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн энэ хугацаанд Эрүүл мэндийн сайд, Улсын Их Хурлын гишүүний хувиар Монголын эрүүл мэндийн салбарын тогтолцооны шинэчлэлийг урагшлуулахын төлөө тууштай ажиллалаа.
ЭМ-ын салбарт Ямар өөрчлөлт гарсан бэ?
Анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг 135 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэв.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг 75 хүртэл хувиар үе шаттай нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхэллээ.
Монгол Улс эмийн чанараа дотооддоо баталгаажуулах Үндэсний лавлагаа лаборатори-той болж, Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийн эрх зүйн үндэс бүрдэв.
Робот мэс заслыг нэвтрүүлж, хүүхдийн чихрийн шижингийн хяналтын сенсор төхөөрөмжийг улсын санхүүжилтээр олгох шийдвэрийг хэрэгжүүллээ.
Азийн хөгжлийн банкны 241 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй “Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах” төсөл
17 аймагт ажиллаж, эмч, мэргэжилтнүүдийнхээ санал, хэрэгцээг сонссон байна.
Өнөөдөр энэхүү төсөл 21 аймагт хэрэгжиж, эрчимт эмчилгээ, яаралтай болон түргэн тусламж, орчин үеийн тоног төхөөрөмж, хүний нөөц, эмнэлгийн дэд бүтцийг цогцоор нь шинэчлэх ажил эхлээд байна.
Энэ бол орон нутгийн эрүүл мэндийн салбарын түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалтын нэг. Хамгийн чухал нь-олон мянган хүний амь насыг аврах тогтолцооны шинэчлэл юм.
Хаврын чуулганы хугацаанд 2 анхдагч хууль батлагдлаа.
Цусны донорын тухай хууль батлагдсанаар сайн дурын донорын хөдөлгөөн, донорын нийгмийн баталгаа, цусны аюулгүй байдлыг шинэ түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ.
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль батлагдаж, донорын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчиллээ.
Мөн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж, эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ бол хүүхэд, өсвөр үеийг никотины хамаарлаас хамгаалах хамгийн чухал эрх зүйн шинэчлэлийн нэг гэж үзэж буйгаа Ж.Чинбүрэн гишүүн тодотгов.
Тэрбээр “Хийх ажил олон хэвээр. Гэхдээ эхлүүлсэн шинэчлэлээ тууштай үргэлжлүүлж, Монгол хүн бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжтой тогтолцоог бүрдүүлэхийн төлөө цаашид ч хичээн ажиллана” гэдгээ илэрхийлэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

