#Тойрог1 мин унших
"Өлгийн Мэргэчүүд" багийн сур харваачдаа төрийн ордонд хүлээн авлаа

Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, Т.Аубакир, С.Зулпхар, Б.Бейсен нар Үндэсний их баяр наадамд оролцохоор Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн "Өлгийн Мэргэчүүд" багийн сур харваачдыг Монгол Улсын Төрийн ордонд хүлээн авч уулзан, амжилт хүслээ.
Уулзалтад Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн А.Айдос болон Улсын Мэргэн Нармандахын Алтансүх, Улсын Гарамгай харваач Хорлоогийн Цогбаяр, Улсын гоц харваач Батсүхийн Энхтүвшин, Аймгийн мэргэн, спортын мастер Тогтоолын Батхүрэл, Спортын мастер Сүхбатын Золбаяр, Спортын дэд мастер Мантайн Төрмөнх, залуу харваач Гантуяагийн Ганбаяр нар оролцсон бөгөөд уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс сур харваачдад баяр наадамдаа цэц мэргэнээ сорьж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж, хувийнхаа зүгээс дэмжлэг үзүүллээ.


Үндэсний сурын харваа нь монгол түмний төрт ёс, өв соёл, үндэсний бахархлыг илэрхийлсэн эрхэм уламжлал бөгөөд үеэс үед уламжлагдан өвлөгдөж ирсэн үнэт өв билээ. Энэхүү өв соёлыг эрхэмлэн дээдэлж, ур чадвар, авхаалж самбаагаараа нутаг орныхоо нэрийг улс даяар өндөрт өргөж яваа сур харваачдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Харваа тань мэргэн, сум тань ончтой, хийморь тань өөдөө байж, цэц тань тэгширч, наадам тань дэлгэр сайхан болохын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


