#Коммент2 мин унших
Ж.Чинбүрэн: Хавдрыг "генийн түвшинд" оношилж, хүн бүрт тохирсон эмчилгээ сонгох боломж бүрдлээ
Хавдрын өвчлөлийг бууруулахын тулд зөвхөн эмчилгээнд анхаарах бус эрт илрүүлэх, нарийн оношлох, зөв эмчилгээ сонгох, эмчилгээний дараах сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэх бодлого чухал.
УИХ-ын эмч гишүүн Ж.Чинбүрэн энэ чиглэлд олон жилийн турш ажиллаж буй.
Тэгвэл ХСҮТ-ийн "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн алба" өнгөрсөн зургаадугаар сард ашиглалтад орсноос хойш
бамбай булчирхайн 3,
чихний ойролцоох 1,
өндгөвчний 1,
хөхний 2 хавдрыг эрт үед нь илрүүлээд байна.
Энэ бол эрт илрүүлэг ямар чухал болохыг харуулсан бодит үр дүн.
Мөн түүнчлэн иргэд элэг, цөс, уушги, толгой хүзүү, эмэгтэйчүүд, хөх, дуран, бүтэн биеийн зэрэг хавдрын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн цогц багц оношилгоо үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон.
Өөрөө хэлбэл, өвчнөө хүндэрсний дараа биш, эрүүл байхдаа үзүүлж, эрсдэлээ тодорхойлуулж, шаардлагатай оношилгоо, эмчилгээгээ цаг алдалгүй авах нөхцөл бүрдэж буй хэрэг.
Мөн түүнчлэн томоохон технологийн шинэчлэл нь ХСҮТ-ийн лабораторид MiSeq i100 шинэ үеийн генийн дараалал тогтоох төхөөрөмж суурилуулсан явдал юм.
Энэ төхөөрөмжөөр хавдрын эсийн генийн бүтцэд гарсан өөрчлөлтийг өндөр нарийвчлалтай тодорхойлж, нэг удаагийн шинжилгээгээр олон зуун генийн мутацийг зэрэг шалгах боломжтой. Ингэснээр тухайн хавдар ямар генетикийн онцлогтой, ямар эмчилгээ илүү тохирохыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Энэ бол хавдрын эмчилгээг хүн бүрт ижил байдлаар бус, өвчтөн бүрийн генетикийн онцлогт тохируулан сонгох буюу хувь хүнд тохирсон эмчилгээний шинэ боломжийг нээж өгч буй Ж.Чинбүрэн гишүүн ХСҮТ-д ажиллах үеэрээ онцлон тэмдэглэж байлаа.
Тэрбээр “Үр дүн багатай байж болзошгүй эмчилгээнээс зайлсхийж, цаг хугацаа, эмчилгээний зардлыг хэмнэхэд нэн ач холбогдолтой. Хамгийн чухал нь ийм шинжилгээг дотооддоо хийх боломж бүрдэж, сорьцыг гадаад руу илгээх шаардлага багасаж байна. Хавдрын тусламж үйлчилгээ зөвхөн оношилгоо, эмчилгээгээр дуусахгүй. Өвчтөн эмчилгээний дараа хэвийн амьдралдаа эргэн ороход сэргээн засах эмчилгээ чухал" гэв.
Мөн түүнчлэн ХСҮТ-ийн Сэргээн засах төвийг “Хүрээ” ротари клубийнхэн 70 мянган ам.долларын санхүүжилтээр шинэчилж байгаа нь цогц тусламж үйлчилгээнд нэн ач холбогдолтой хөрөнгө оруулалт боллоо. Үүнээс гадна эмч, сувилагч, ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийг “Хангай” ротари клубийнхэн 300 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр тохижуулж, 9 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар болжээ.






Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

