Онцлох мэдээ2 мин унших
Төрөөс баримтлах 2020 оны мөнгөний бодлогыг хэлэлцэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.21/ нэгдсэн хуралдаанаар, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, дэмжлээ.
Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан уншиж танилцуулав. Ажлын хэсэг хоёр удаа хуралдан, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг нэгтгэн дөрвөн саналыг томьёоллыг боловсруулсан. Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тэдгээр саналыг дэмжсэн гэлээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдааны үеэр, зарим гишүүдээс хоёр дэд заалт нэмэх санал гаргасныг танилцууллаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд ипотекийн зээлийн санхүүжилт, төсвийн бодлого, мөнгөний бодлогын уялдаа холбоо, “Саарал жагсаалт”-аас гарах ажлын төлөвлөгөө, инфляцийн түвшин, валютын нөөц, зээлийн хүүг бууруулах асуудал, гадаад өр, 2019 оны мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар тодруулан хариулт авсан юм.
Үргэлжлүүлэн Ажлын баг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй дараах саналын томьёоллоор санал хураав.
Тогтоолын төслийн 2.1 дэх дэд заалтыг Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын хяналтаас 2020 онд багтаан гарах арга хэмжээ авахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан байдлаар өөрчлөн найруулахыг дэмжив. Мөн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөдлөх эд хөрөнгө барьцаалсан санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор тогтоолын төслийн 2.4-т “нийлүүлэлтийн сүлжээнд тулгуурласан санхүүжилтийн механизмыг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх” гэж нэмэх санал дэмжигдлээ.
Сэтгүүлч Munkhjargal





