Онцлох мэдээ3 мин унших
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдав

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаТус ажлын хэсэг өнөөдөр (2021.08.12) Монголбанк дээр хуралдаж, дараах сэдвүүдэр хэлэлцүүлэг хийлээ. Виртуал хөрөнгийн салбарын олон улсын туршлага, зохицуулалтын талаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн талаар Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар, Виртуал хөрөнгийн зохицуулалтын олон улсын хандлага болон Монгол Улс дахь виртуал хөрөнгийн мэдээллийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ДҮТОГ Б.Долгорсүрэн нар тус тус танилцуулав.

Монгол Улс 2019 оны аравдугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ)-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын тоонд орж, үүнээс 1 жилийн дараа 2020 оны аравдугаар сард тус жагсаалтаас амжилттай гарсан байдаг. Энэхүү жагсаалтаас гарах явцад ФАТФ-ын зүгээс гаргасан техник, мэргэжлийн 40 зөвлөмжийн 15 дугаарт “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг хянаж зохицуулах, бүртгэлжүүлэх, энэ төрлийн харилцааг хууль эрх зүйн орчинтой болгох” асуудал хөндөгдсөн юм. Энэ хүрээнд улс орнуудыг шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ, тодруулбал виртуал хөрөнгөтэй холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрэх эрсдлийг үнэлж, хууль эрх зүйн орчин бий болгохыг үүрэг болгосон байдаг.

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар төслийн талаарх танилцуулгадаа, Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ)-ын олон улсын стандартыг баримтлах үүднээс хуулийн төсөл боловсруулах шаардлага үүссэн. Нөгөөтээгүүр, Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ явуулж байгаа хувийн байгууллагуудын үйл ажиллагааг хуульчлах, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага ч бий. Өнөөдрийн байдлаар дотоодын виртуал биржүүд дээр албан бус дүнгээр 1.9 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэ дүн нь тухайн салбар хэр өргөжиж байгаагийн илэрхийлэл юм. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа дотоодын байгууллагууд олон улсад үйл ажиллагаа явуулахад, эсхүл гадаадын компани манай улсад хөрөнгө оруулахад хууль эрх зүйн орчин бүрдсэн байх нь нэн чухал үзүүлэлт гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг батлах гол шаардлага нь ФАТФ-ын зөвлөмж дээр үндэслэж байгаа. Түүнчлэн иргэдийн зүгээс крипто валют буюу койнуудын талаар бүрэн ойлголтгүйгээс болж цахим залиланд өртөх магадлалтай байна. Крипто валют бол төлбөрийн хэрэгсэл биш" гэдгийг онцлон хэлэв. Хуулийн төсөл батлагдвал зах зээлд гарч байгаа койнуудыг бүртгэлжүүлж, койныг гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд тодорхой шаардлагуудыг тавих талаар зөвлөлдөж байгаа талаараа тэрбээр дуулгалаа.

Дэлхийн 81 улс крипто валютыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүний үр дүнд тус орнуудын гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэж, дижитал өрсөлдөх чадвар өсч байгаа эерэг үзүүлэлтүүд гардаг байна.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Б.Энхбаяр нар оролцов.