Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ ажиллалаа.
-Энэ удаагийн төрийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч уламжлалт найрсаг харилцааг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо. Ингэснээр Бүгд Найрамдах Киргиз Улс нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байна.

-Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
-Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсын Парламент Жогорку Кенешийн дарга Н.Тургунбек-ийг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болсныг онцоллоо. Хоёр улсын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг хэлж, Парламентын дарга нарын 2024 онд хийсэн харилцан айлчлал харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг онцоллоо.
-Жогорку Кенешийн дарга Н.Тургунбек, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Киргизийн төр, засаг, хууль тогтоох дээд байгууллага өндөр ач холбогдол өгч буйг онцолж, Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
-Талууд хоёр улсын харилцааны эрх зүйн таатай орчныг улам бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хооронд харилцан айлчлал хийх, туршлага солилцох зэргээр нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа нотоллоо.
-Киргизийн талаас 2004 онд Парламентын Доод танхимын Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Борубаев, 2004 онд Парламентын дарга Н.Шакиев манай улсад айлчилж байжээ.