#Коммент3 мин унших
Б.Жавхлан: Ирэх жил НӨАТ-ын буцаан олголт, татварын хөнгөлтүүдийн улмаас төсөвт 3-4 их наяд төгрөгийн өртөг үүсэх ч хувийн хэвшлийн эдийн засгийн өсөлтийг татварын сувгаараа хүчтэй нээж өгч буй явдал

2026 оны төсвийг улс орон даяараа хэлэлцүүлсэн түүхэн үйл явдал өнгөрөгч наймдугаар сард болж өнгөрөв.
Санал асуулгад нийт 188,016 иргэн давхардсан тоогоор 8,8 мянган санал ирүүлжээ.
Насны бүлгээр ангилвал,
16-24 насны иргэд 20%
25-44 насны иргэд 71%
45+ насны иргэд 9% тус тус саналаа өгсөн байна
Иргэд юу хүсэв?
Нийт санал өгсөн иргэдийн дийлэнх нь төрийн үйлчилгээний хүртээмж, эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг шаардлага өндөртэй салбаруудын хөгжил, үйл ажиллагаанд онцгойлон анхаарч, төсвийн төсөлд тусгах саналуудыг ирүүлээд байгаа юм.
Татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэж нийт иргэдийн 70 орчим хувь нь үзжээ. Нийт санал өгсөн иргэдийн дийлэнх нь төрийн үйлчилгээний хүртээмж, эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг шаардлага өндөртэй салбаруудын хөгжил, үйл ажиллагаанд онцгойлон анхаарч, төсвийн төсөлд тусгах саналуудыг ирүүлээд байгаа юм.
Монгол Улсын эдийн засгийн байдал ямар байна вэ?
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын дээд хэмжээг 33,4 их наяд төгрөг байхаар баталсан ч дэлхийн эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдлаас шалтгаалж, дээрх дүн хангагдахгүй байх эрсдэл үүссэн. Тиймээс холбогдох хуулиудаа шинээр боловсруулж 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөжээ.
Манай улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүн буюу нүүрсний орлогоос шууд хамаардаг тул ирэх жил экспортлох нүүрсний үнээ энэ жил хамгийн бага үнээр буюу 70 доллараар тооцож төсвөө батлав.

Сангийн сайд Б.Жавхлан "Бид ирэх жилийн төсвийн орлогод 90 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан ч урд зах зээлийн эрэлт хэрэгцээгээ харьцуулбал 90 сая битгий хэл 150-200-д хүрэх боломж бий тул ойрын хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх зорилго тавьж байна" гэв.
Иргэдийн төрөөс хамгийн ихээр хүлээлттэй байгаа дэмжлэг бол татвар
Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын тогтолцоотой томоохон реформ хийгдэхээр бэлтгэж ажил хийгдэж байгаа талаар УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэдэнтээ дурдагдаад буй. Энэ асуудалд Монгол Улсын Сангийн сайд татварын өөрчлөлт, нийгмийн даатгалын энэ шинэчлэл нэгэн зэрэг нэг удаагийн төсвөөр шийдэгдэх асуудал биш, 3-4 их наяд төгрөгний өртөг дагуулах тул үе шаттайгаар шийдэгдэх асуудал гэдгийг онцолж байв.
Тэрбээр "Ирэх жил НӨАТ-ын буцаан олголт дээр 800 тэрбум төгрөг, дараа жил нь 1.5 их наяд төгрөгийн өртөг бий болно. Зөвхөн НӨАТ дээр ийм болно. Цаана нь хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, мөн босго, ангилал, шатлал зэргүүдээ өөрчилж байгаатай холбоотойгоор төсвийн орлогод нөлөөлөх дүн нь 3-4 их наяд төгрөг гэж тооцож байгаа юм. Ингэснээр хувийн хэвшлийн эдийн засгийн өсөлтийг энэхүү татварын сувгаараа бид хүчтэй нээж өгч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.
Ирэх жил хийгдэх онцлох бүтээн байгуулалтууд
1. Ирэх жил төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн сургууль, хоёр цэцэрлэг баригдана.
2. Мега төслүүдийн хувьд бүтээн байгуулалт хамгийн өндөр жил нь 2027 он байна.
16, 17 дахь жилдээ хүлээгдэж байгаа хил холболтын төмөр замын төсөл энэ жилээс эхэлнэ. Ирэх жил бүтээн байгуулалт нь идэвхтэй явагдаж, улмаар хоёр жилийн дараа энэ ажил дуусна. Гадаад зээлээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил эхэлнэ. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно.
Хэдий Монгол Улс төсвөө танасан ч нөгөө талдаа эдийн засгийн өсөлт хадгалагдах нь зүйн хэрэг. Тэлж буй орон зайгаа хувийн хэвшилдээ санал болгох зарчмаар эдийн засгийн өсөлтийг бий болгох сонголтыг хийж байгаа аж. Төр хөрөнгө оруулалт, дэд бүтцийг төсвөөр дэмжих үүргийг хувийн секторуудын өмнө хүлээж буй хэрэг юм. Хэдий алдагдалтай төсөв мэт харагдаж байгаа ч хувийн хэвшлээ дэмжих үүргээ төр орхигдуулж болохгүй билээ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн





