#Коммент2 мин унших
Б.Жавхлан: Монгол Улс ”GFS13" төсвийн бүртгэлийг систем рүү яаралтай шилжих шаардлагатай!

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өнгөрөгч 7 хоногт УИХ дээр дэмжигдэлгүй, хууль санаачлагчдад буцсан.
Монгол Улс гаднаас авсан зээлээ Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэр, Сэлбэ-Дэд төв төслүүдэд ашиглах зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгаад байв. Дээрх 3 том төсөл нийт 7.3 их наяд төгрөгийн өртөгтэй. Энэ нь ЗГ-ын гадаад зээлийн 40 гаран хувийг эзэлж байгаа юм. Цаана нь хүлээгдэж буй 95 төсөл бий.
Үүнийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан зээлээр хэрэгжих төслийн жагсаалтад алдаа дутагдал байгаатай холбон тайлбарлаж байна.
Тэрбээр “Манайх шиг хоцрогдсон төсвийн бүртгэлтэй улс Ай Си Тигийн гишүүн орнууд дунд цөөхөн үлдсэн. Маш яаралтайгаар ”GFS13" гээд дэлхийн улс орнуудын дийлэнх нь ашигладаг шинэ төсвийн бүртгэлийн систем рүү яаралтай шилжих хэрэгтэй. Эхлэл нь тавигдсан энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Дээрх бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх хуулиа дахин оруулж ирвэл миний бие Ажлын хэсэгт орж ажиллах саналтай байна. Энэ асуудал ердөө төсвийн бүртгэлтэй л холбоотой зүйл" гэв.
“GFS13” төсвийн бүртгэлийн систем гэж юу вэ?
Government Finance Statistics 2013 нь төрийн санхүүгийн мэдээллийг олон улсын нэгдсэн стандартын дагуу бүртгэх, ангилах, тайлагнах систем юм.
Засгийн газрын орлого, зарлага, өр төлбөр, хөрөнгө, хөрөнгийн өөрчлөлт, төсвийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөг олон улсын статистиктай нийцүүлж хэмээд Засгийн газрын үйл ажиллагааны эдийн засгийн утга, орлого зардлын бодит эдийн засгийн нөлөө, алдагдал, ашиг, өрийн өөрчлөлтийг харуулдаг. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгө юунд зарцуулагдсаныг хянах боломжийг өгдөг.
GFS13 кодоор дараах мэдээллийг бүртгэдэг:
1. Орлого
- Татварын орлого
- Татварын бус орлого
- Тусламж, буцалтгүй тусламж
2. Зардал
- Цалин хөлс
- Бараа үйлчилгээ
- Татаас
- Нийгмийн халамж
- Хөрөнгө оруулалт
3. Санхүүжилт
- Зээл
- Өрийн өөрчлөлт
- Санхүүгийн хөрөнгө
Дээрх өгөгдлүүдэд үндэслэн төсөл, хөтөлбөрүүдийг системийн тусламжтай эрэмбэ, дараалалд оруулах боломжтой болно гэсэн үг. Ингэснээр эдийн засгийн савлагаатай цаг үед аль төслүүдээ чухалчилж явуулах шалгуур фактад үндсэлдэг болох аж.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн



