Байр суурь2 мин унших

Д.Энхтүвшин: НӨАТ-ын буцаан олголтыг болиулаад, татварынх нь 10 хувийг бууруулж, нийтээрээ татвар төлдөг байх энэ чиглэлд тооцоо хийж үзсэн үү?

УИХ-ын чуулганы /2025.09.19/-ний өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.

3 сарын өмнө улс төрийн намуудын амлаж, ам гарч, санал авч гарч ирсэн төсвийн талаарх тодорхой заалтуудыг дахин сануулъя.

Манай нам төсвийн зарлагыг ДНБ-ий 20 хувьд хүргэж бууруулахаар, АН төсвийн зардлыг 20% бууруулахаар, Хүн нам төсвийн зардал, эдийн засаг дахь төрийн оролцоо, татварын ачааллыг бодитоор бууруулж, хувийн хэвшлийг дэмжинэ гэж амлаж байсан. Гэтэл 2025 онд төсвийн зарлага ДНБ-ий 35%-тай амлаж байснаасаа 10% зөрөөтэй, 2026 онд 32,2% байхаар төсвийн төсөл оруулж ирсэн байна. 

УИХ-ын ээлжит сонгууль 2 жил 9 сарын дараа болно шүү. Сайд, дарга нар маань бодож, болгоож байгаа биз ээ. Төсөвтэй хамт дагуулж ирсэн хуулт тогтоолын төсөвтэй холбоотой асуулт байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2%-ийн буцаалтыг үе шаттайгаар, шатлалтайгаар 5-10% болгох хуулийн төсөл оруулж ирсэн байгаа юм. Энэ өөрчлөлт нь орсноор төсөвт НӨАТ-ын орлого цэвэр дүнгээр 386 тэрбум төгрөг, НӨАТ-ын буцаан олголт 425 тэрбумаар нэмэгдэхээр, өөрөөр хэлбэл 1 их наяд төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт олгохоор тооцоо гаргасан байна.

Сүүлийн үед НӨАТ-ын өр огцом нэмэгдэж 2024 оны сүүлийн байдлаар 2 их наяд орчим болсон. Үүний 70 орчим хувь нь 50-аас доош ажилтантай жижиг дунд ААН-үүд байна. 

НӨАТ-ын энэ өрийг төлж байгаа НӨАТ-ын дүнтэй харьцуулахаар сүүлийн 3 жилд огцом нэмэгдсэнийг зүгээр нэг тоон дээр жишээ болгож хэлье. Энэ харьцаа 25% байснаа 34% болж нэмэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл ААН-үүдийн байдал эргэлтийн хөрөнгө болон ашигт ажиллагааны түвшин муудаж байгаа учраас НӨАТ-ын өр тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа  дүр зургууд бий. Энэ санал болгосон энэ өөрчлөлтөөс харахаар энэ хэрэглэгчдэд ашигтай харагдаад байгаа юм. Хэрэглэгчид 425 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авчих юм байна. Төсөв мөн ашигтай байх юм байна. 385 тэрбум төгрөгийн НӨАТ-ын орлого олчих юм байна. Гэхдээ бизнес эрхлэгчдэд татварын ачааллыг нэмэгдүүлсэн ийм заалт болохоор харагдаад байна.

Тэгэхээр энэ буцаан олголтыг болиулаад НӨАТ-ын татварын 10 хувийгаа бууруулах, бүгдээрээ нийтээрээ татвар төлдөг байх ийм саналыг ААН-үүд гаргаад байгаа юм. Тэгэхээр энэ чиглэлээр тооцоо хийж үзсэн үү? 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008