Байр суурь3 мин унших

О.Батнайрамдал: Оюу Толгой, Рио Тинто кампанийн хамтарсан төсөл дээр "Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-нд өөрчлөлт оруулах боломжийг цаг алдалгүй хэлцэлд орж шийдэлд хүрэх ёстой

УИХ-ын чуулганы /2025.09.19/-ний өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

2026 оны төсвийн төсөлдөө Монгол Улсад гадаад болон дотоод хөрөнгө оруулалт 4,5 их наяд байна аа гэж төсөөлж байгаа юм байна. 14 төслөөс 4,5 их наяд төгрөг гадаад дотоод хөрөнгө оруулалт болно. Яг энэ хэмжээний мөнгө Оюу Толгой төслөөс Рио Тинто компанид нэг жилийн зээлийн хүүд гадагшаагаа урсана аа. Доллароор тооцох юм бол 1,3 тэрбум долларыг 2026 онд Оюу Толгой компаниас Рио Тинто компанид зөвхөн зээлийн хүүд нь төлнө шүү. Анх 6,1 тэрбум долларын зээл авсан. Хүүгийн хүү гэж явсаар байгаад өнөөдөр 2 дахин буюу 12 тэрбум долларын зээл болсон байгаа юм.

Энэ дээрээ 12 тэрбумаас цаашаа 11%-ийн хүүтэй зээл төлөөд байгаа юм л даа. 11% гэдэг зах зээлийн зарчим мөн үү үгүй юу? Оюу Толгой төсөл дээр бол нэг талаасаа Монгол Улсын засгийн зээлдэгч өөрийнхөө мөнгө гаргаж чадахгүй эсвэл хувь нийлүүлэгчдийн зээл гээд 11%-ийн хүүтэй зээлж байгаа. Нөгөө талаасаа Онтре компани Канадын бодлогын хүү дээр нэмэх нь 2% буюу 6,7%-ийн хүүтэй зээлээд байгаа байхгүй юу.Тэгэхээр 1 төсөл дээр яагаад Монгол Улс 11%-ийн хүү төлөөд Онтре 6,7%-ийн хүү төлөөд байгаа юм? Магадгүй 2011, 2009 онд энэ хүү тухайн үедээ зах зээлийн эрсдэлийг нь илэрхийлж байсан байх. Гэхдээ өнөөдөр Оюу Толгой төсөл гүйцэтгэл маань 99%-тай бараг 100% болж байгаа. Төслийн эрсдэл нэг ёсондоо алга болж байгаа. Анх төсөл 2009 онд эхэлж байсан. Тэр хүүг өнөөдөр төлөөд байх нь зах зээлийн зарчмаас гажуудчихсан байна аа. Энэ дээр зах зээлийн зарчим руу буулгаж нийлүүлэх зайлшгүй шаардлага байна аа л гэж үзэж байгаа.

Бидний 2009 онд байгуулаад 2011 онд тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж маш том гэрээ байгаа. Энэ гэрээний 11.3ё-д энэ хувь нийлүүлэгчдийн зээлийг 7 жил тутам нэг удаа авч хэлэлцээд 2 талд хүлээн зөвшөөрснөөр бууруулах боломжтой гэж заасан байгаа. Тэгэхээр Монгол Улсад энэ ашигтай байж болох энэ эрхээ гэрээнийхээ өөрт олгосон эрхийг хэрэгжүүлэх хугацаа нь 2025 онд тохиож байгаа юм. 2025 оны 12 сарын 31 гээд энэ гэрээгээр олгосон 7 жил тутам ганцхан олдох хугацаа нь дуусах юм. Тэгэхээр Монгол Улсын эрх ашгийн төлөө Монгол Улсын хувьцаа эзэмшигчийг төлөөлж гэрээнийхээ эрхийг хэрэгжүүлж хүүг өнөөдрийн зах зээлийн зарчим руу л аваачих нь зайлшгүй шаардлагатай юм аа.

Энэ хүүгийн хэлэлцээрийг бол Ерөнхий сайдын захирамж гараад Б.Жавхлан сайд ажлын хэсгийг ахалж байгаа. Б.Жавхлан сайдад амжилт хүсье. УИХ дээр Хянан шалгах түр хороо бас ажиллаж байгаа. Засгийн Газар, УИХ бүгдээрээ Монгол Улсыг төлөөлж байгаа. Монгол Улсын эрх ашгийн төлөө хэлцэлд орж хамтдаа зогсох болно. Энийг л Монголын ард түмэн харж байгаа. Өнөөдөр бид нар төсвөө ямар ч байсан 11 сард хугацаандаа батална аа.

УИХ ч ялгаагүй Засгийн Газар ч ялгаагүй олон нийт бид нарт ямар "Дүн", юун дээр үндэслэж тавих вэ гэвэл Оюу Толгой дээр Монгол Улсын эрх ашгийн төлөө гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлж шийдэл гаргаж ирж чадсан уу? гэдгийг л ард түмэн "чих тавин" 3,5 сая иргэн харж байгаа учраас бид нар энэ дээр цаг хугацаандаа хөдөлж, үлдсэн 100 гаруй хоногтоо заавал шийдэл гаргах ёстой. Амжилт хүсье.

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008