#Коммент2 мин унших
Ж.Золжаргал: Энэ удаагийн төсөв өмнөхийг бодвол хөөрөгдсөн агаарын зүйлс харьцангуй багассан. Гэхдээ...

Монгол Улсын 2026 оны төсвийг УИХ-аар ид хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал энэ оны төсвийг өмнөх шиг хөөрөгдсөн зүйлс бага, хямгатай төсөв орж ирсэн. Гэхдээ…хэмээн байр сууриа илэрхийллээ. Ингэхдээ тэрбээр,
Энэ удаагийн төсөв өмнөх оны төсвийг бодвол хөөрөгдсөн агаарын төслүүд харьцангуй багассан дүр зурагтай байна. Тэр утгаараа “хөнжлийн хэрээр хөлөө жийсэн” маягийн төсөв гарсан гэж хэлж болно. Энэ удаагийн төсөв дээр Боловсрол, эрүүл мэнд дээр голчилж анхааръя гэсэн. Миний хувьд чуулганы завсарлагаанаар БГД-ийн иргэдтэй нэлээн уулзсан. Иргэдийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмж хотын төвийн дүүргүүдэд их байгаа талаар хэлж, ярьсан. Төсөвт эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж байгаа.
ЭМЧ, БАГШИЙН ЦАЛИНГ НЭМЭХИЙН ТУЛД ЭЛДЭВ ОРДОН БАРЬЖ АЖИЛЛУУЛАХАА БОЛЬЁ!
Нөгөө талаасаа муу зүйл нь юу вэ гэхээр эмч, багш нар цалин байхгүй. Нэг үгээр хэлбэл хөрөнгө оруулалтыг маш сайн нэмж өгсөн. Гэхдээ цалин нэмэгдээгүй. Үүнийг өөрчлөхгүй бол болохгүй. Яаж өөрчлөх вэ гэдэг асуулт гарна. Миний хувьд өнгөрсөн жил төсвийн ажлын хэсгийн хөрөнгө оруулалтын хэсгийг нь ахалж ажилласан. Энэ хүрээндээ жагсаалт гаргаад харж байхад нийгмийн хөгжлийн, эцэг, эх гэр бүлийн хөгжлийн төвүүд, соёлын орднууд, сумын төв г.м улсын хэмжээнд нийлбэр дүнгээрээ 400 тэрбум төгрөгийн объектууд байна. Энэхүү объектууд баригдаж дуусаад жил бүр төсвийн урсгал зардал нэмэгдэнэ. Үүнийг зогсоочихвол улам их өртөг нь нэмэгдээд явах учраас дуусгах хэрэгтэй гэдэг дүгнэлтийг гаргаж байсан ч одоо эргээд харахад зогсоох нь зүйтэй! Тухайлбал, боломжтойг нь зараад, боломжгүйг нь хойш нь тавиад, бэлэн болчихсоныг нь сумын төв, аймаг дээр байгаа хүмүүсийн бизнесийн инкубатор болгох нь зүйтэй хэмээн харж байна. Ингэвэл урсгал зардал ч суларч орж ирнэ. Тэр урсгал зардлаар эмч, багш нарын цалинг нэмэх шаардлагатай. Үүнээс гадна олон их наяд төгрөг төрийн өмчийн компаниудаар болон нийслэл дээр явж байна. Энэ нь өөрсдөө шийдчих бага хэмжээний дүн биш! Монгол Улс шиг жижиг эдийн засагтай улсад маш том нөлөө бүхий зүйл тэнд яваад байна. Тиймээс төрийн өмчийн компанийн менежментийг нээлттэй болгох хэрэгтэй.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан







