Баруун бүсийн боомтуудаар импортлох улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналаа Улсын Их Хурлын 64 гишүүний хамтаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярт хүргүүллээ.
Төвийн бүсээс алслагдсан, газар тариалангийн салбар төдийлөн хөгжөөгүй, нэн ялангуяа өвөлжилт, хаваржилт хүндэрч магадгүй энэ цаг үед баруун хязгаарын 420 мянга гаруй иргэдийнхээ эрх ашгийг болзошгүй эрсдэлээс хамгаалах үндэслэлээр ийнхүү санал гаргасныг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжиж гарын үсгээ зурлаа.



2025 оны байдлаар бүсийн хэмжээнд хур тунадас харьцангуй бага, гантай байснаас улбаалан мал, амьтны өвс, тэжээлийн гаралт муу, 2024 онд батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсон тул импортын татвар эргэн сэргэсэн зэрэг нь өндөр өртөгтэй аж төрж ирсэн баруун бүсийн иргэдэд улам хүнд ачаа болж байгаа билээ. Уг саналын дагуу бүс нутагт татварын таатай орчин бүрдвэл Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Говь-Алтай аймгийн Бургастай, Завхан аймгийн Арцсуурь, Увс аймгийн Боршоо, Ховд аймгийн Булган боомтоор улаанбуудайн гурил, тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татваргүй импортлох боломж бүрдэнэ.
Эрсдэлийг үүссэн хойно бус түүнээс урьдчилан сэргийлж байх ёстой гэж үзсэн гишүүддээ талархал илэрхийлээд, саналыг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр чухалчлан авч үзнэ гэдэгт итгэлтэй байна.