Байр суурь2 мин унших
Б.Мөнхсоёл: Багш нарын цалинг 10-15 хувь нэмэх боломжтой, хүлээлт үүссэн байгаа шүү!
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.07/ хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
Төслийн хэлэлцүүлгийн 2 дахь үе шатанд ирсэн байна. Улс даяараа ажил хэрэгч байхад амаргүй үе иржээ. Төрийн албан хаагчдыг загнахад амархан юм шиг мөртөө энэ байдалд хүрэхэд хүргэж байгаа гол хүчин зүйл нь улстөржилт гэдгийг бүгд мэдэж байгаа. Үүний цаана сонгуулийн шударга байдал зэрэг олон зүйл ярьж болно. Улс төрийн салбарт 10 жил болж буй хүний хувьд хэн нь хэнийгээ загнах эсэх нь хэцүү юм байна.
Бид төсвийн реформыг хийхээс өөр аргагүй. Төсөв өөрөө Засгийн газрын жилийн бодлого, 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл гэдгийг бүгд мэдэж байгаа.
Эргээд харвал онцгой байдлынхаа албан хаагчдыг багаж төхөөрөмж, зохих ёсны хувцас хэрэг хэрэгслээр хангахгүйгээр тулалдахад хүргэсэн. Энэ асуудлаа шийдье гэхээр ЗЭЭЛЭЭР гэх юм. Гишүүн бүр өөрсдийнхөө илүү мэддэг, олж хардаг гэдэг юмуу, төлөөлөл болж гарч ирсэн салбарынхаа асуудлыг ярих нь нэг талдаа зөв боловч нөгөө талдаа улс орны төсөв зангидсан гараар базагддаг чанар хаягдаад байгаа юм шиг санагдаад байна. Зөвхөн Сангийн яам бус Эдийн засаг, хөгжлийн яаман дээр ирэх ёстой ажил хангалттай хийгдэхгүй байна уу даа гэсэн эмзэглэл байна.
Мэдээж Засаг байн байн солигдохыг дагаад төрийн албан хаагчдад нөлөөлөл бий болж байгаа учраас шалтаг шалтгаан байна.
Олон гишүүд хэлээд байгаа төрийн албан хаагчдын, тэр тусаа багш, эмч нарын цалин, тэтгэврийг нэмэх сонирхол гишүүн бүрт л бий. Нөгөө талдаа татвар төлөгчдөө бодох ёстой.
Ямартай ч багш нарынхаа цалинг 25 хувь биш юм гэхэд 10-15 хувь нэмчих боломж байна гэж төсвөөс харж байгаа. Энэ асуултыг асуухаас өмнө Сангийн сайд дуугарчихлаа гэж ойлголоо. Дараагийн хэлэлцүүлгээс цалин нэмэгдээд ороод ирэх байх гэсэн хүлээлт үүсчихлээ шүү л гэж хэлье!
Төсвийн шинэчлэлийг хийх шаардлагатай байна. Ирэх оны төсвийн төсөлд өрийн албан хаагч, ялангуяа багш нарын цалинг 10-15 хувиар нэмж тусгахад анхаарч ажиллах нь зүйтэй.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн





