БНХАУ-ын сансрын хөтөлбөр, түүний ололт амжилтыг тэртээх орбитоос үзэгчид ойртуулан огторгуйн хүлгийн бүхээгт зочлуулан харуулсан, шинжлэх ухаан технологийн танин мэдэхүйд ихээхэн тустай нэгэн сонирхолтой баримтат кино бүтээлийг пүрэв гарагийн үдэш БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийн урилгаар үзэж сонирхов.
Сансрын уудамд дүүлээд зогсохгүй задгай “тэнгэр агаарт” 400 км-ийн өндөрт 28’000 км/ц-ийн хурдтай дүүлж буй хүлгээсээ гаран “салхилангаа” чухал үүрэг гүйцэлдүүлсэн Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч Ванг Япинг болон түүний багийн тухай кино олон зүйлийг бодогдуулав. Сансарт жингүйдлийн орчинд бүх зүйл удаан мэт харагдавч бодит байдал дээрээ эрч, хурд бүгд л сансрынх… Аргагүй л бүх зүйл харьцангүй юм даа л гэж бодогдож суув. Сансартай холбоотой бүх зүйл (хүлэг, бүхээг, хувцас, хоол хүнс) шинжлэх ухаан гүн шингэсэн бүтээлүүд байдаг. Эмэгтэй хүн үсээ угаах энгийн үйлдэл хүртэл ер биш тооцолол шингэсэн технологийн шийдэлтэй байдаг.
Нээрээ л сансарт ус газарт байдаг шигээ татах хүчний үйлчлэлд урсаад явчихдаггүй, агаарт хөвөх том, жижиг дуслууд хэлбэртэй байх тул шампунийг урсгаад л аваад одохгүй… Тиймээс үсээ угаагаад усаа зайлуулах хураах зэрэг нь бүгд тусгай шийдэлтэй. Тэр бүхээгт байгаа бариул, болт бүр, тоноглол, хувцас бүрийн материал, дизайн, шийдэл бүгд олон зуун жилийн шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн түвшний охь. Манай бүс нутгийн улс орнуудын хөгжил итгэлцлийг бэхжүүлэх бодлоготойгоор, хорших сэтгэл өвөрлөн урагшилваас бидэнд л хэрэгтэй.