Байр суурь2 мин унших
Б.Мөнхсоёл: Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах асуудал яагаад яригдахгүй байна аа!
УИХ-ын чуулганы /2025.11.06/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тавив.
Төсөв, төсвийг дагалдан орж ирсэн хуулиудтай холбоотой олон асуудлыг ярьж болж байна. Төсөв тойрсон маргаантай байдлууд одоо миний асуух асуулттай холбоотой.
Төсвийн орлого гэж байна. Зарлага гэж байна. Өндөр орлоготой байх нь мэдээж улсын хувьд чухал. Төсвийн орлого татварын орлого, нөгөө талдаа татварын бус орлогоос бүрддэг. Гэтэл бид олон жил татварын орлого дээр л анхаараад байдаг. 80 гаруй хувийг нь татварын орлогоор бүрдүүлээд байдаг. Харин үлдсэн татварын бус орлого дээрээ анхаарахгүй байна аа.
Үүнтэй холбогдуулаад төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал орж ирсэн. Миний хэлэх гээд байгаа санааг олон жил ярьж ирсэн.
Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах асуудал яагаад яригдахгүй байна. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрүүдийн газруудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх асуудлууд яагаад яригдахгүй байна. Авлагыг бүрдүүлэх асуудал яагаад яригдахгүй байна гэдгийг асуумаар байгаа юм.
Одоо 2023 оны эцсийн байдлаар 86 толгой компани, охин компаниудыг нь оролцуулбал 109 компани байна гэж байгаа юм. Үүний алдагдалтай байдлынх нь хувь хэмжээ 43%-тай. Ийм байдалтай байна.
2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд эдгээр компаниудаас оруулах хувьцааны ноогдол ашгийг дөнгөж 540 тэрбумаар тооцсон байна. Улсын төсөвт үүнээс дөнгөж 80 тэрбум төгрөгийг оруулна гэчихсэн гэх мэт байдлаар энэ одоо асуудлуудыг яриад байвал олон тоо баримт дурдаж болж байна аа. Энэ одоо асуудлыг яагаад олон жил даамжруулаад шийдэхгүй яваад байна.
Татварыг өсгөх байдлаар энэ асуудал одоо нөгөө зарлага тал чинь шийдэгдэхгүй байна шүү дээ. Зарлага талдаа төсвийн сахилга бат яригдана. Оновчтой өгөөжтэй зарцуулалт яригдана. Нөгөө цалин тэтгэвэр өсгөх энэ асуудлууд жил дараалан яригдаж байна шүү дээ. Өнөөдөр ийм хямралтай байдалд хүргэсэн байна аа.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн





